Киргиз улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд парламентын ордон руу дайран оржээ
Киргизийн нийслэл Бишкект сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд парламентын ордон руу дайран оржээ. Жагсагчид Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын албан өрөөний цонхоор бичиг баримт, цаас зэргийг шидэж байсан ба парламентын ордны зарим хэсэгт гал тавьсан байжээ.
Өнгөрсөн ням гарагт тус улсад парламентын сонгууль болж өнгөрсөн ба сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр сонгуульд оролцсон 16 намын 4 нь л парламентад суудал авах 7 хувийн босгыг давжээ. Сөрөг хүчний намуудын мэдээлж байгаагаар ялалт байгуулсан 4 намын 3 нь тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой нягт холбоотой гэдгээрээ алдартай аж.
Үүнтэй холбоотойгоор иргэд сонгуулийн дүнг луйвардсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг албан тушаалаасаа огцрохыг шаардан, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулжээ. Өнгөрсөн даваа гарагт цагдаа нар Бишкек хотын Ала Тоо төв талбайд цугларсан мянга мянган иргэдийг тараасан ч иргэд дахин төв талбайд цугларч, парламентын ордон руу чиглэн жагссан байна. Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс харахад сөрөг хүчний жагсагчид парламентын ордны гадаах хашааг давж, ордны хаалгыг эвдлэн оржээ. Түүнчлэн жагсагчид эрх баригчидтай уулзахаас нааш Ала Тоо талбайгаас явахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Kyrgyzstan election: Protesters storm parliament over vote-rigging claims
Цагдаа нар болон жагсагчид хоорондын мөргөлдөөний улмаас 120 хүн шархдсаны дийлэнх нь цагдаагийн албан хаагчид байжээ. Киргизийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар мөргөлдөөний улмаас хүний амь нас хохироогүй аж. Жагсагчид Киргизийн Үндэсний Аюулгүй байдлын газарт хоригдож байсан Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевийг сулласан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Жагсагчид Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын доор ажилладаг хүмүүс иргэдийн саналыг худалдаж авсан, санал өгч буй иргэдийн айлган сүрдүүлсэн хэмээн буруушааж байгаа аж.
Өнгөрсөн даваа гарагт сөрөг хүчний 12 намын удирдлагууд парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ба Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков энэ мягмар гарагт сонгуульд оролцсон 16 намын төлөөлтэй уулзана гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Киргизийн сөрөг хүчний намууд Сонгуулийн Ерөнхий хороог сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: BBC