NASA: "Хар энерги" бол oрчлон ертөнцийн эцэс төгсгөлгүй тэлэлтийн шалтгаан
Орчлон ертөнцийн гарал үүсэл, түүнд хязгаар байдаг эсэх, мөн тэлэлтийн тухай олон тооны онол, таамаглал байдаг боловч эрдэмтэд хараахан нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа билээ. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэхэд нэгэн алхам болох нээлтийг НАСА-гийн эрдэмтэд хийжээ.
Тэд "галактикийн дуран"-гийн тусламжтайгаар орчлон ертөнцийг эцэс төгсгөлгүй тэлэх магдлалтайг тогтоож эцэстээ "хүйтэн элсэн цөл" болон хувирна хэмээн дүгнэсэн байна. Насагийн эрдэмтэд Хабл дуран болон газарт байрлах сансарын дурангуудын тусламжтайгаар авсан 34 зургийг судлаж сансарын "хар энерги"-ийн хэмжээг тооцжээ.
Судалгааны хүрээнд оддоос ирэх гэрэл Abell 1689 хэмээх оддын бөөгнөрөл бүхий аварга галактикийн дотор болон түүний эргэн тойронд хэрхэн гажиж өөрчлөгдөж байгааг судалсан байна. Одон орончид дэлхийгээс тус галактик хүртэлх зай, түүний жин болон "хар энерги"-ийн тархалтыг хэмжсэнээр оддын бөөгнөрлийн овор хэмжээ нь галактикийн орчим дахь гэрлийн муруйлтын шалтгаан болж байгааг тогтоожээ.
Үүнээс үндэслэн сансарт байрлах хар энергийн хэмжээг тооцоолсноор галактикийн жингээс хамаарсан одоогоор тодорхойгүй байгаа хүчний тархалт нь орчлон ертөнцийн тэлэлтийн шалтгаан болж, цаашид тэлэлт зогсолтгүйгээр үргэлжлэх магадлалтайг илэрхийлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтэдийн үзэж байгаагаар орчлон ертөнцийн геометр болон бүтэц нь түүний хувь тавилантай маш нарийн төвөгтэй хэлбэрээр холбогддог ажээ. "Хар энерги" нь орчлон ертөнцийн 3/4-ийг бүрдүүлдэг гэж үздэг байсан боловч түүнийг хараахан бүрэн илрүүлж чадаагүй байсан юм. "Бид хар энергийн асуудлыг олон талаас нь судлах ёстой. Үүний тулд олон тооны арга хэрэгсэл шаардлагатай байдаг боловч энэ удаагийн судалгааны арга илүү үр дүнтэй болсон.
Энэ аргаар гравитацийн хүч болон хар энерги нь галактикийн зургийг хэрхэн муруйлгаж байгааг тодорхой харж болно" хэмээн профессор Эрик Жулло хэлжээ. Тэрээр "орчлон ертөнцийн тэлэлт нь хязгааргүйгээр үргэжлэхээс гадна хурдасч байгаа" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: Mailonline