Дональд Трамп бүрмөсөн эмнэлгээс гарч Цагаан ордонд буцаж очив
Коронавирусын халдвар авсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн даваа гарагийн орой Уолтер Ридын нэрэмжит Цэргийн эмнэлгээс гарч, Цагаан ордондоо эргэн иржээ.
Ерөнхийлөгч Д. Трампын ахлах зөвлөх Хөүп Хикс КОВИД-19 өвчний халдвартай нь тогтоогдсоны дараагаар Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамтаар коронавирусын шинжилгээ өгсөн ба өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэргий Мелания Трампын хамтаар коронавирусын халдвар авсан тухайгаа мэдэгдсэн юм. Коронавирусын халдвар авсан Ерөнхийлөгч Доналд Трампыг өнгөрсөн баасан гарагийн орой Цагаан ордноос Уолтер Ридын нэрэмжит Цэргийн эмнэлэгт нисдэг тэргээр шилжүүлсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч Д. Трампыг эмчлэгч эмч нар Д. Трампын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хоёр удаа унасан, мөн түүнд ханиалгах, халуурах, ядрах зэргээс өөр шинж тэмдэг илрээгүй тухай мэдэгдсэн билээ. Эмчилгээгээ Цагаан ордонд үргэлжлүүлэн хийлгэхээр болсон Ерөнхийлөгч Доналд Трамп биеийн байдал нь маш сайн байгаа тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Уолтер Ридын нэрэмжит Цэргийн эмнэлгийн эмч нарын мэдээлснээр Ерөнхийлөгч Доналд Трампад халуурах шинж тэмдэг илрээгүй 72 цаг болжээ. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусын халдварын хүнд шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдэд хийгддэг дексаметазон дааврын эмчилгээ хийлгэж байжээ.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Доналд Трамптай ойр ажилладаг хэдэн хүн коронавирусын халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: Reuters