Сансрын хаягдал анх удаа өдрийн цагаар үзэгджээ
Швейцар дахь Бернийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр сансрын хог хаягдал өдрийн цагаар анх удаа үзэгджээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон байна.
2009 оны 2-р сарын 10-нд Иридиум 33 ба Космос 2251 гэсэн хоёр хиймэл дагуул Сибирийн ойролцоо 800 км өндөрт мөргөлдсөн юм. Мөргөлдөөний нөлөөгөөр 10 см-ээс хэмжээтэй 2000 гаруй ширхэг хог хаягдал үүссэн бөгөөд тэдгээр дунджаар 11.7 км/ц хурдтайгаар дэлхийг тойрон эргэж байгаа юм. Иймэрхүү явдал тодорхой давтамжгүйгээр явагддаг бөгөөд заримдаа жилд хэдхэн удаа эсвэл бүр өдөрт хэд хэдэн хиймэл дагуулын мөргөлдөөн үүсдэг юм. Үүнээс болж сансар дахь хог хаягдлын тоо тооцоолж боломгүй хэмжээгээр нэмэгдсээр байна.
Хиймэл дагуулууд пуужин харвах төхөөрөмж, хуучирсан хиймэл дагуул гэх мэт сансрын хог хаягдалтай мөргөлдөхгүйн тулд чиглэлээ тогтмол өөрчилж байх ёстой. Зиммервалдын ажиглалтын төвийн тэргүүн, Бернийн их сургуулийн Одон орон судлалын хүрээлэнгийн дэд захирал, профессор Томас Шилднехт: "Сансрын хог хаягдлын аюул шинэ түвшинд хүрлээ" гэж мэдэгджээ.
Европын Сансрын Агентлаг (ESA) жилд олон мянган удаа хиймэл дагуул мөргөлдөх магадлалыг тооцоолон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. "Харамсалтай нь бид ашиглагдаагүй хиймэл дагуул болон тэдгээрийн хэлтэрхийн байршлыг хангалттай хэмжээнд тооцоолж чаддаггүйгээс мөргөлдөөн үүссээр байна." гэж Шилдкнехт тайлбарлав.
Сансрын хог хаягдал
Бернийн их сургуулийн судлаачид Швейцарийн геодинамикийн ажиглалтын төв болон Зиммервальдын лазер дуран ашиглан сансрын хог хаягдлыг өдрийн цагаар амжилттай илрүүлж чаджээ. Эдгээр ажиглалтыг сансрын хог хаягдалд туссан фотонуудыг илрүүлэхэд зориулагдсан өндөр мэдрэмжтэй шинжлэх ухааны CMOS камер, агшин зуурын зураг боловсруулах, дижитал шүүлтүүр бүхий хог хаягдлыг идэвхтэй мөрдөх арга техникийг ашиглан хийсэн байна.
Шилднехт нэмж хэлэхдээ: “Өдрийн турш сансрыг ажиглах боломжтой болсноор бид өмнө нь хийж чадахгүй байсан зүйлсээ хийж чаддаг болно гэсэн үг юм. Ойрын ирээдүйд сансрын хог хаягдлын тойрог замын каталогийг бий болгоход туслах геодезийн лазер бүхий станцуудын бүхэл бүтэн сүлжээг бид бүтээнэ. Илүү нарийвчлалтайгаар тойрог замд хиймэл дагуулууд мөргөлдөхөөс зайлсхийх, сансарт аюулгүй байдал, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд энэ явдал том ахиц боллоо. ” гэсэн байна.
Тойрог замын хог хаягдлыг багасгах тухай хууль тогтоомж
АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн судлаачид 1957-2017 оны хооронд мөргөлдөх эрсдэл, тойрог замын хог хаягдал, хиймэл дагуулын тооллогын талаархи мэдээллийг нэгтгэн тойрог замд байгаа хиймэл дагуулаас татвар авах нь хиймэл дагуулын үнэ цэнийг өсгөх боломжтой болохыг тогтоожээ. 2040 он гэхэд энэ салбарын татварын хэмжээ ойролцоогоор 600 тэрбум ам.доллараас 3 их наяд ам.долларт хүрнэ. Энэхүү татвар нь хиймэл дагуулын мөргөлдөх эрсдэл болон хиймэл дагуулын сансрын хог хаягдлын хэмжээг бууруулж хиймэл дагуулын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх болно гэж зохиогчид үзэж байна.
Одоогийн байдлаар тойрог замын хог хаягдлыг цэвэрлэх олон улсын сансрын хууль тогтоомж байхгүй байна. НАСА-гийн үзэж байгаагаар "Сансрын хог хаягдлын асуудал нь сансарт гарсан орон бүрт хамаатай. Сансрын хог хаягдлыг зохицуулах нь дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудал бөгөөд сансрын орчныг цэвэр байлгах нь эрүүл дэлхийг хадгалах үндэс" гэжээ.
Эх сурвалж: innovationnewsnetwork.com