Даралт мэдрэгч дэлгэц бүхий шинэ үеийн ухаалаг гар утасны эхний загварууд худалдаанд гарч эхэлснээс хойш үйлдвэрлэгчид хүчирхэг процессор, илүү тод дэлгэц, камерийн үзүүлэлт, мэдээлэл хадгалах багтаамж, нимгэн хөнгөн, үнэ өртөг хямд байх гэх мэт үзүүлэлтүүдээр өрсөлдөж шинэ шинэ загварууд бүтээж байгаа боловч батерейн цэнэг агуулах чадварыг нэмэгдүүлэх тал дээр хэн нь ч мэдэгдэхүйц ахиц гаргаж хараахан чадаагүй байна.
Эдгээр нь сүүлийн жилүүдэд цэнэг хадгалах технологийн боломж хангалттай нэмэгдээгүй, цэнэгийн багтаамж батерейн овор хэмжээгээр хязгаарлагдаж байгаагаас үүдэлтэй юм. Өнөөдөр зөөврийн компьютер, гар утас, видео камер, дуу тоглуулагч зэрэг ихэнх зөөврийн төхөөрөмжүүдэд лити-ионы батерей ашиглагдаж байна. 2G, 3G гар утасны цахилгаан хэрэглээ дунджаар 0.5 - 2 ватт байсан бол хамгийн сүүлийн үеийн ухаалаг утасны хувьд батерейн багтаамж 800 - 1200 мА.ц буюу 5 ватт-д хүрээд байна. Ердийн 3G, 4G гар утаснуудын батерейн үзүүлэлт хүлээх горимд 400 цаг , ярианы горимд 10 цаг байгаа бол ухаалаг утсанд эдгээр үзүүлэлтүүд дунджаар 150 - 400, 5-10 цаг тус тус байна.
Эдгээр харьцуулсан үзүүлэлтүүдээс батерейн багтаамжид онц өөрчлөлт гараагүй байгааг харж болно. Гэвч бодит байдалд интернетээр аялах, тоглоом тоглох тохиолдолд ухаалаг утасны батерейн цэнэг хагас өдөртөө л дуусдаг. Ухаалаг утаснуудад шинээр нэмэгдсэн эдгээр боломжууд нь харьцангуй их хэмжээний цахилгаан энерги шаардах болжээ. Солонгосын Чунгнам үндэсний их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ямар төрлийн апликэшн програмыг ажиллуулж байгаагаас хамааран ухаалаг утасны зөвхөн дэлгэцэнд батерейн цэнэгийн 30-65 хувь зарцуулагддаг байна. Энерги зарцуулалтын үзүүлэлтээр WiFi, CPU, GPS, аудио төхөөрөмжүүд удаална. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй GPS-ийг унтраах, дэлгэцийн нягтралыг багасгах зэрэг аргууд нь батерейн цэнэг зарцуулах хугацааг уртасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч нөгөө талаас утасны хэрэглээг хязгаарлахад хүргэдэг. Цэнэг хэмнэх үүднээс утсаа бүрэн ашиглаж чадахгүйд хүрвэл ухаалаг утас худалдаж авах нь утгагүй хэрэг болно.
Эрдэмтэд E-MiLi зэрэг программ хангамжийн тусламжтайгаар ухаалаг утасны цэнэг зарцуулалтыг 50 хувь уртасгаж болно хэмээн мэдэгдэж байгаа боловч энэ нь бас л хангалттай үзүүлэлт биш юм. Ухаалаг утасны батерейг цэнэглэх зориулалттай нэмэлт цэнэглэгчүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байгаа боловч тэдгээр нь хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. ААА, АА буюу бидний хэлж заншсанаар хуруу батерейн тусламжтайгаар ухаалаг утсыг цэнэглэх нэмэлт цэнэглэгчүүдийн батерейг бүрэн цэнэглэх хугацаа 3 - 5 цаг, нарны энергиэр цэнэглэх нэмэлт төхөөрөмжүүдийн хувьд цэнэглэх хугацаа 3 - 8 цаг тус тус байна. Иймд хөдөө орон нутаг зэрэг цахилгааны суурин хангамж дутагдалтай нөхцөлд батерейн цэнэг агуулалтын хүрэлцээгүй байдал нь ухаалаг утасны хэрэглээнд хүндрэл үүсгэж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед нэмэлт цэнэглэгчийн технологид зарим дэвшил гарч байна.
Тухайлбал японы Docomo компани 10 минутад бүрэн цэнэглэх боломжтой утасны гэр хэлбэрийн нэмэлт батерей зохион бүтээж туршилтын загварыг Ceatec Japan үзэсгэлэнд танилцуулсан юм. Батерейг богино хугацаанд цэнэглэхийн тулд харьцангуй өндөр хэмжээний гүйдлийн хүч шаардлагатай учир USB-ээр цэнэглэх боломжгүй. Мөн ухаалаг утсаа уг гэр хэлбэрийн төхөөрөмжинд суурилуулан хэрэглэх учир утасны овор хэмжээг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй юм. Эдгээрээс зайлсхийж, хэрэглэхэд хялбар хувилбарыг сонгох шаардлагатай байгаа учир яг хэдийд худалдаанд нь гарах нь тодорхойгүй байна.
Нано бүтэц бүхий шинэ төрлийн материалууд, түлшний элемент зэрэг зөөврийн төхөөрөмжүүдийн батерейн цэнэгийн багтаамжийг нэмэгдүүлэх талаар хийгдэж буй олон төрлийн судалгааны үр дүнгүүд мэдээлэгдэж байгаа боловч үйлдвэрлэх өртөг хэт өндөр, технологийн боломж хүндрэлтэй байгаагаас нийтийн хэрэглээнд нэвтрэх хүртэл нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Мөн хүний алхаа, биеийн дулаан зэргээс цахилгаан энерги гарган авах судалгаанууд хийгдэж байгаа боловч энергийн багтаамжийг ухаалаг утсанд шаардагдах хэмжээнд хүргэх яагаа ч үгүй байна. Иймд бид дахиад хэдэн жилийн хугацаанд ухаалаг гар утасны батерейн цэнэг хүрэлцдэггүй асуудлаас ангижирч чадахгүй бололтой.
Эх сурвалж: Business Insider