2500 жилийн өмнөх бичээсийг тайлж унших хиймэл оюун бүтээгджээ
Судлаачид Персийн Ахеменидын эзэнт гүрний үеийн 2500 жилийн настай эх бичвэрийг орчуулах зорилгоор хиймэл оюун ухаан бүтээжээ.
2500 гаруй жилийн өмнө Персийн Ахеменидын эзэнт гүрний үед шавраар хийсэн хавтан цаасны үүргийг гүйцэтгэдэг байжээ. Ийм арван мянган ширхэг хавтанг 1933 онд Ираны археологичид нээсэн бөгөөд тэр цагаас хойш судлаачид эдгээр эртний баримтуудыг нямбай судалж, орчуулах оролдлого ирсэн боловч дорвитой ахиц гаргаагүй байна.
Тус хавтангууд дээрх үсгүүд нь тун өвөрмөц хэлбэртэй учраас олон тооны бичээс тайлах компьютерийн системүүд орчуулж чадаагүй байна.
Тэгвэл Чикагогийн их сургуулийн судлаачид эдгээр хавтангууд дээрх бичээсийг тайлах хиймэл оюун бүтээж чаджээ. Үүний ачаар нь Ахеменидын эзэнт гүрний түүх, нийгэм, хэл ярианы талаар баялаг мэдээллийг олж илрүүлжээ.
Археологи, антропологийн судалгааны хувьсгал
"Бидний гаргаж авсан энэхүү систем нь бүхий л ямар ч цаг үеийн бичээсийг тайлж чадахаар уян хатан шинж чанартай юм. Үүний ачаар бид түүх болоод антропологийн салбарт том ахиц гаргалаа." гэж Ассириологийн дэд профессор Сюзанн Паулус хэллээ.
"Компьютерийн шинжлэх ухааны өнцгөөс харвал энэхүү нээлт нь бидэнд тулгарч байсан нэг бэрхшээлийг давхар үгүй болгосон хэрэг юм. Сүүлийн таван жилийн хугацаанд компьютерийн тооцооллын чадамж маш их сайжирсан учраас ийм хиймэл оюун бүтээж чадлаа. Арван жилийн өмнө бид ийм хэмжээний хиймэл оюун бүтээх нь битгий хэл зүүдэлж ч байсангүй. Энэхүү хиймэл оюун өөрөө өөрийгөө боловсруулах чадалтай. Мэдээж хэрэг одоо үед өөрийгөө боловсруулдаг хиймэл оюун энгийн үзэгдэл болсон ч цоо шинэ хэл өөртөө заадаг хиймэл оюун манай салбарт хувьсал авч ирсэн хэрэг боллоо. Түүний ачаар компьютерийн програмчлалын хэлийг илүү хураангуй, хялбар болгох боломжтой болно гэсэн үг. " гэж Компьютерийн шинжлэх ухааны тэнхимийн ажилтан Санжай Кришнан хэлэв.
Тус хиймэл оюуны мэдээллийн санг Чикагогийн Их Сургуулийн 80 гаруй жилийн турш хуримтлуулсан мэдээллийн үр дүнд бүтээсэн юм. Одоо тус хиймэл оюуныг ашиглан судлаачид дээрх хавтангууд дээр бичсэн Эламит хэлний толь бичиг бүтээх ажил эхэлжээ.
Эх сурвалж: CNN