Энэтхэг улс сар руу хүн хэлбэртэй робот илгээнэ
Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага (ISRO) сар руу нисэх "Чандраяан-3" төслийн нэг хэсэг болох "хагас хүн" хэлбэртэй роботыг танилцуулжээ.
Хамгийн сүүлд Энэтхэг улс саранд хүрэх оролдлогыг 2019 оны 9-р сард хийсэн бөгөөд тэр нь бүтэлгүй болсон юм. Энэтхэгийн Сансрын Судалгааны Байгууллага тус роботыг "Воммитра" хэмээн нэрлэсэн бөгөөд тус робот нь сансрын нисгэгчдэд сансрын хөлөг доторх тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцахыг зааварлаж, төрөл бүрийн асуудал дээр тусламж үзүүлэх зорилготой.
Өнгөрсөн оны 9-р сард Энэтхэг улсын хөөргөсөн "Викрам" төхөөрөмж саран дээр буулгах зорилготой байсан бөгөөд харамсалтай нь энэ даалгавар эвдрэлийн асуудлаас болж бүтэлгүйтсэн аж. Хэрэв энэ даалгавар амжилттай болсон бол Энэтхэг Саран дээр буусан дөрөв дэх орон болох байсан юм.
“Хөлгүй учраас үүнийг хагас хүн хэлбэртэй гэж нэрлэдэг. Воммитра зөвхөн хажуу тийш, урагшаа бөхийж чаддаг. Тус робот тодорхой туршилтуудыг хийх бөгөөд дэлхий дээрх командлалын төвтэй үргэлж холбоотой байх болно ”гэж ISRO-ийн эрдэмтэн Сэм Даял хэллээ.
ISRO нь 2022 он гэхэд анх удаагаа нисгэгчдээ сансарт илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд ISRO-ийн сансрын нисгэгчдийн аюулгүй аялал, буцаж ирэх нөхцлийг хангах экипажийн модуль, пуужингийн системийг хөгжүүлэхээр маш шаргуу ажиллаж байгаа аж.
Лайка нохой шиг амьтдыг сансарт илгээдэг уламжлалт туршилтын оронд ISRO энэхүү "хагас хүн хэлбэртэй" роботыг GSLV Mk III пуужинд хөөргөхөөр болсон байна.
ISRO-ийн GSLV Mk III пуужин сансарт хүн тээвэрлэх аюулгүй байдлыг хангах үүднээс төрөл бүрийн сайжруулалт хийж байгаа бөгөөд 2020 оны 12-р сард тус пуужинг сансарт хөөргөхөөр төлөвлөж байна. Мөн GSLV Mk III пуужин нь "Space X"-ийн "Falcon" загварын пуужин шиг газарт өөрөө бууж чадах гэнэ.
Эх сурвалж: Science Daily