М.Даваажав: Химийн хорт болон аюултай бодис, урвалжийн “Хор аюулын лавлах мэдээлэл” боловсрууллаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран 2019 оноос зургаан чиглэлээр хэрэглээний судалгааны ажил эхлүүлж, төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь “Химийн хортой аюултай бодисын менежментийг сайжруулах” инновацийн төсөл юм. Чанар хяналтын хэлтсийн химич инженерүүдийн санаачилсан уг төслийн явцын талаар тус хэлтсийн химич инженер М.Даваажавтай уулзаж ярилцлаа.
-Энэхүү төслийн хүрээнд ямар ажил хийж байна вэ, төсөл хэрэгжүүлэх болсон шалтгаан юу байв?
-Аливаа уул уурхайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа химийн хорт болон аюултай бодис урвалжийг ашиглах замаар үнэт баялаг бүтээдэг. Бид уг төслийн хүрээнд үйлдвэрлэлд ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодис урвалжийн мэдээллийн санг бүрдүүлэх, химийн бодис урвалжийг олон улсын стандартад нийцсэн Хор аюулын лавлах мэдээлэл (ХАЛМ), шошготой болгохоор зорьсон. Энэхүү төслийг химичид л хамгийн сайнаар хэрэгжүүлэх боломжтой. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийн ЧХХ-ийн Химийн төв лабораторид 25 дах жилдээ химийн инженерээр ажиллаж байна. Энэ хугацаанд химийн бодистой харьцан ажилладаг ажилчдын ХАБ-ын сургалтад 10 гаруй жил химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, журам, эрсдэлийн үнэлгээ зэрэг сэдвээр хичээл зааж байна. Хичээлийн явцад ажилчид хууль эрх зүй, дүрэм, журмын заалтуудыг хөрсөн дээр буулгаж хэрэглээ болгох санал дэвшүүлдэг. Ингээд тэдний саналыг ажил хэрэг болгох зорилгоор төсөл санаачилсан. Манай үйлдвэрийн захиргаа ажилчдын санал санаачилгыг бодлогоор маш сайн дэмждэгийн нэг илрэл нь инновацийн энэ төсөл юм.
-Энэ хүрээнд ямар ажил хийв, одоогийн байдлаар төсөл аль шатанд явж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр технологийн процесст химийн хорт болон аюултай 340-өөд төрлийн бодис ашигладаг. ХАЛМ боловсруулах, химийн бодис бүрийг шошгожуулах, хор аюулын зэрэглэлээр ангилах ажил хийж байна. Үйлдвэрт ашиглаж байгаа химийн бодис, урвалжийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, физикийн аюулаар нь ангилсан. Ингээд, ангилал тус бүрд тохирсон анхааруулах тэмдэг, дохио үг, тэмдэглэгээг хэрэглэх замаар химийн бодистой харьцан ажилладаг ажиллагсдад тухайн бодисын хор, аюулын тухай товч тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар ХАЛМ боловсруулж дууссан. Энэ төсөлд химийн бодис урвалж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн, Эрчим хүчний, Цахилгааны зэрэг 12 цех хамрагдаж байна. Одоо хэвлэлийн эх бэлтгэл хийгдээд дуусаж байна. Ер нь төслийн ажил 80 гаруй хувьтай явж байна.
-ХАЛМ боловсруулах ажлыг та бүхэн дангаар гүйцэтгэсэн үү?
-Манай химичид Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цехэд ашиглаж буй органик бодис урвалжийн ХАЛМ-ийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэд орчуулгыг хянаж, зөвлөгөө өгсөн. Бидний орчуулж боловсруулсан ХАЛМ-ийг эрдэмтэн судлаачид сайн болсон гэж дүгнэж байгаа.
-Химийн бодисыг шошгожуулах ажлын тухайд?
-Монгол улсад мөрдөж байгаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд, химийн бодис урвалж нь ХАЛМ, шошготой байна гэсэн заалт бий.
Бид ХАЛМ дээр үндэслэн шошгожуулах ажил хийж байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг” MNS-5029:2011 стандартыг Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааны онцлогтоо тохируулан “Байгууллагын стандарт” болгон мөрдөх юм. Энэ чиглэлд Стандарт хэмжил зүйн үндэсний газартай хамтран ажиллаж байна. Одоо мөрдөж байгаа MNS-5029:2011 стандарт нь шошгожуулах зардал өндөр, шошгын тоо хэмжээ цөөн зэрэг учир дутагдалтай. Химийн бодис ихээр хэрэглэдэг манай үйлдвэрийн хувьд уг стандартыг байгууллагын стандарт болгосноор зардал 2-3 дахин буурах боломжтой. Химийн бодис бүр дээр шошготой байх нь үүсэж болох аюул эрсдэлийг тооцох, хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх, аюул осол гарсан нөхцөлд аюулгүйн арга хэмжээг дор нь авах зэрэг ач холбогдолтой. Бид байгууллагын стандартаа урьдчилсан байдлаар боловсруулан есдүгээр сард багтаан СХЗҮГ-т явуулахаар ажиллаж байгаа.
-Төслийн хүрээнд цаашид ямар ажил хийх вэ?
-Цаашдаа ХАЛМ-г хэвлэж цех нэгжүүдэд түгээх, байгууллагын стандарт боловсруулж, батлуулах, шошго хэвлүүлж цех нэгжийн ажлын байр, агуулах, тээврийн хэрэгсэлд тавих зэрэг ажил хийнэ.
-Төсөл хэрэгжүүлж буй багийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
-Төслийн удирдагчаар Чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар, санаачлагч ХТЛ-ийн химич инженер М.Даваажав, Зөвлөхөөр ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргил, Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд, гишүүд ЧХХ-ийн Чанарын менежер Д.Шинэбаяр, ХТЛ-ийн дарга Б.Анхзаяа, ШТМЛ-ийн химийн инженер М.Байгалмаа, ДЦС-ын Уур усны лабораторийн эрхлэгч Д.Төгсбаяр нар ажиллаж байна.
Я.Энхтуяа
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.