АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдын анхны мэтгэлцээн боллоо
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нарын анхны мэтгэлцээн өнгөрсөн мягмар гарагт болж өнгөрлөө.
СиБиЭс Ньюс сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлт, коронавирусын цар тахал, дэлхийн дулаарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл зэрэг сэдвүүдээр ярилцаж, мэтгэлцсэн байна. Мэтгэлцээний турш Доналд Трамп, Жо Байден хоёр бие биенийхээ ярьсан зүйлийг үгүйсгэж байсан ба нэр дэвшигч Жо Байден Ерөнхийлөгч Доналд Трампыг 1 хором ч гэсэн "амаа хамхи" - хийг хүсчээ.
Мэтгэлцээн эхлэх үеэр хоёр нэр дэвшигч гар барилцаагүй ба хөтлөгч Крис Уоллесийн хэлснээр нэр дэвшигчид коронавирусын халдвараас сэргийлж, мэтгэлцээний өмнө гар барилцахгүй байхыг харилцан тохирсон аж. Нэр дэвшигч Д. Трамп мэтгэлцээний үеэр түүнийг татвар төлдөггүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэнийг үгүйсгэжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд сая сая долларыг татварт өгсөн хэмээн, "Зарим жилүүдэд би 38 сая ам. доллар, зарим жилүүдэд 27 сая ам. доллар төлж байсан." гэжээ. Түүнчлэн тэрээр татварын тайлан нь бэлэн болсон цагт олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн байна. Нью Йорк Таймс сонинд бичсэнээр Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн 10-15 жилд татвар төлөөгүй хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ.
Как в США прошли первые дебаты Трампа с Байденом – основные заявления — 5 канал
Нөгөө талаас нэр дэвшигч Жо Байден хүү Хантер Байден нь гадаадын иргэдээс тэр дундаа Москва хотын дарга агсан Юрий Лужковын гэргий, ОХУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Елена Батуринаас их хэмжээний мөнгө авч байсан гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна. Өмнө нь Бүгд найрамдах намаас сонгогдсон сенаторууд тайландаа Жо Байдений хүү Хантер Байден гадаадын иргэдтэй эргэлзээ төрүүлэхүйц гэрээ хэлэлцээр хийсэн талаар онцолж байсан билээ.
Мэтгэлцээний төгсгөлд нэр дэвшигч Жо Байден Ерөнхийлөгч Доналд Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины өөдөөс юм хэлж чаддаггүй, "Путины гөлөг" хэмээн тодорхойлсон ба Оросын эрх баригчид алан хядагчдын Талибан бүлэглэлд Афганистанд алба хааж байгаа Америкийн цэргүүд рүү тодорхой хөлсөөр халдахыг санал болгож байсан тухай дурджээ. Ирэх 11-р сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох ба сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нар өрсөлдөж байгаа билээ.
Эх сурвалж: Kommersant.ru