1809 онд англи эмчийн гэр бүлд төрсөн Чарльз Дарвин сургуульд сурах сонирхолгүй боловч амьтанд дуртай хүүхэд байв. Дарвин гэрийнхээ эзэмшил дэх аварга цэцэрлэгт хүрээлэнгээс шавьж цуглуулж, шувуу ажиглаж өсчээ.
Эцгийн хүслийн дагуу эмч болохоор Эдинбургийн их сургуульд элссэн боловч цус харахаас дургуйцэж сургуулиа орхив. Дараа нь шашины номлогч болохоор Кэмбрижийн их сургуульд элссэн боловч байгалийн түүх болон геологийн ухаанд илүү их татагдах болжээ.
Их сургуулиа төгсөөд байр сууриа хараахан олоогүй байсан түүнд санаанд оромгүй аз завшаан тохиож, Бийгл усан онгоцоор аялах байгаль судлаач хайж байгаа тухай зартай тааралдав. Ийнхүү өмнөд америкийн эргийн дагуу амьтан болон геологийн судалгаа хийх ажилд томилогдсон 5 жилийн аялалын хугацаанд Дарвин амьтан ургамлын их хэмжээний мэдээлэл цуглуулж, эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлэх болсноор эрдэмтэн болох замналаа эхэлжээ. Бийгл хөлгийн аялалын үед газар хөдлөлт болж, хэдхэн хормын дотор газрын дүр төрх өөчлөгдөхийг ажигласнаар хуурай газрын төрх үргэлж нэг хэвийн байдаггүйг мэджээ.
Мөн өмнөд Америкийн Патагониа орчмоос эртний амьтадын олдворыг илрүүлж, устаж мөхсөн амьтад чулуужин үлддэгийг өөрийн нүдээр гэрчлэв. Галакпис арлуудад очихдоо адил төрхтэй боловч биеийн хэмжээ, дуу хоолой зэрэг ялгагдах шинж чанар бүхий амьтадыг ажиглав. Ажиглалт судалгааны явцад "амьтад орчны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж шинэ зүйл үүсдэг" байж болохыг анзаарав. Хэрэв энэ санаа үнэн бол хүнийг оролцуулаад бүхий л амьтад түүхийн эрт дээр үеийн нэгэн цэгт холбогдох ёстой. Хүн, амьтан бурхны бүтээл хэмээх шашны сургааль ноёлж байсан нийгэмд энэ санаа туйлын их аюул эрсдэлтэй байв
Бурхны бүтээл бурханаас ангид байдлаар хувирч өөрчлөгдөж учиргүй. Дарвин өөрт төрсөн "тэрслүү" санаагаа хав дарахаар шийджээ. Бийгл хөлгийн аялаас хойш 20 жилийн дараа байгаль судлаач залуу Алфред Волсоос нэгэн захиа ирж, түүний хувь тавиланг өөрчлөх болно. Волс зүйл хувьсан өөрчлөгддөг гэсэн Дарвины адил дүгнэлтэд хүрсэн байв. Тэрээр их хэмжээний мэдээллийг дүгнэж, 50 насандаа "Зүйлийн үүсэл" номоо хэвлүүлжээ.
"Зүйлийн үүсэл" хэдхэн өдрийн дотор зарагдаж дуусав. Бурханы төгс бүтээл болох хүнийг доод төрөлт болхи амьтадтай адилтгасан нь христийн шашинтнуудын эсэргүүцлийг тэр хэмжээгээр өдөөжээ. Ердийн нэг механик цагны арын тагийг нээж харцгаая. Хоорондоо гайхалтай нарийн зохицсон өчүүхэн эд ангиуд өөр хоорондоо нэгдэн ажиллаж, цаг хугацааг тодорхой заадаг. Цагийг хэн нэгэн ур чадвартан л бүтээнэ. Өөрөөр хэлбэл хаа нэгтээ оршин байсан байгалийн үнэт чулуунууд санамсаргүй байдлаар хоорондоо мөргөлдөн цаг болон хувирах боломжгүй.
Үүнтэй адил гайхалтай эд эрхтнүүдээс бүтсэн төгс ажиллагаатай хүний биеийг яалт ч үгүй зохион бүтээгч буюу бурхан л бүтээнэ. Дарвин шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан өөрийн онолоор хүнийг бурхан бүтээсэн, бурханы бүтээл хувирч өөрчлөгдөхгүй хэмээх тогтсон үзлийг няцаав. Зүйл хувьсан өөрчлөгддөгийн нотлогоо болгон гаргасан эхний жишээ нь хүний оролцоотойгоор бий болгож байсан амьтны үүлдэр байв. Тухайн үед түгээмэл гэрийн тэжээмэл амьтанд тооцогдож байсан тагтааг их хэмжээгээр үржүүлж, олон үүлдэр угсааг гаргасан байв.
Английн зөөгч (english carrier ) тагтаа хамар дээрээ гайхалтай бөмбөлөгтэй, урт хөмсөг, урт хүзүү, том амтайгаараа онцлог. Бахлуур (pouter) тагтааны бие, далавч, хөл нь тун урт боловч том гэдэстэй. Тэгвэл дэвүүр (fantail ) тагтааны сүүлний өдний тоо бусад үүлдрээс хэт олон, 30-40-д хүрнэ. Гэвч эдгээр тагтаанууд модонд үүрээ засдаггүй, модон дээр суудаггүй, шаталсан хадны тавцанд үүрлэх зэрэг нийтлэг шинжийг агуулна. Эдгээрийг хадны тагтаа (rock dove )-ны үр удам гэж үзжээ. Дарвин таамаглалаа шалгахаар цагаан дэвүүр тагтааг тэс өөр үүлдрийн хар барб (barb)-тай эвцэлдүүлэхэд 3 дах үед хадны тагтаа төржээ. Өөрөөр хэлбэл эцэг үүлдрийн тагтаа үр удамд буцан төрсөн байв.
Нэгэн төрлийн өвгөөс өөр өөр хэлбэр дүрс, шинж чанар бүхий олон янзын үр удам төрөх боломжтой. Энэхүү туршилт зүйлийн үүслийн тухай түүхийн эхлэл болсон юм. Хүний оролцоотойгоор ийнхүү олон төрлийн үүлдэр угсаа үүсч байгаа бол урт удаан хугацааны явцад байгальд тохиосон ямар нэгэн шалгарлын нөлөөгөөр өөр өөр үүлдэр үүсэх боломжтой. Энэхүү хувьсал өөрчлөлтийн эцэст хоорондоо эвцэлдэхээ больж, цоо шинэ өөр зүйл үүсэх боломжтой. Эсрэгээр одоогийн олон төрлийн амьтад эрт үед нэгэн цэгт холбогдоно хэмээн Дарвин таамаглажээ. Харилцан үржилд орж үр удмаа үлдээх чадвартай амьтадын нэгдлийг зүйл хэмээн тодорхойлов.
Эх сурвалж: BBC