"Samsung" компани сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг хиймэл оюун бүтээжээ
“Samsung” компани хүн шиг сэтгэл хөдлөлөө мэдэрч, хадгалж чадах виртуал хүмүүсийг шинээр бүтээснээ танилцууллаа. Неон гэж нэрлэсэн энэ виртуал хүмүүсийг “Star Labs” компанийн захиалгаар бүтээсэн байна.
Тус компани энэхүү хиймэл оюун нь телевизийн хөтлөгч, хэвлэлийн төлөөлөгч, кинонд жүжигчнээр ажиллаж чадна гэж мэдээлжээ. Хэдийгээр үүнийг шинэ зүйл биш гэж харж болох ч өмнө нь ийм хэмжээнд хиймэл оюуныг боловсруулж байгаагүй юм. Харин "Неон" гэж нэрлэсэн тус виртуал хүмүүс нь энгийн хүмүүстэй чөлөөтэй харилцах боломжтойгоос гадна сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чаддаг гэж зохион бүтээгчид нь ярьжээ. "Неон" хүмүүс нь бие даасан хувь хүн шиг зан чанартай төдийгүй үүнийгээ үйлдэл хөдөлгөөн, харилцан ярилцах замаар харуулж чаддаг гэж компанийн зүгээс мэдээлсэн байна.
“Star Labs” компаниас мэдэгдсэнээр виртуал хүмүүс нь энгийн хүмүүсийн төвөгтэй сэтгэл хөдлөлүүдийг ядах юмгүй илэрхийлж чадах гэнэ. Учир нь тэднийг бүхий л тохиолдолд хүмүүс хэрхэн хамтран ажилладаг, биеэ хэрхэн авч явах, харагддагийг мэдрүүлэх асар олон тооны хөгжүүлэлт хийсэн гэжээ.
Зарим шинжээч эдгээр виртуал хүмүүс нь сонгуулийн компанит ажлын үеэр олны танил хүмүүсийн дүрд орж санал хураалтыг удирдах, улс төрийн зөрчлийг хурцатгана хэмээн эмээж байгаа аж. "J.Gold" нийгэмлэгийн шинжээч Жек Голд “Samsung” компани виртуал хүмүүсийг сэтгэл хөдлөл, үйлдлээ илэрхийлж чаддаг болговол шинэ зах зээлийг тэргүүлэх боломжтой гэв. Тэрээр “Бид зах зээлээ бүрэн судалж дуустал хүртэл хүлээх хэрэгтэй. Одоогийн байдлаар ийм хиймэл оюуныг бүхийл технологийн салбарт ашиглаж болох боловч яг цэвэр бүтээгдэхүүн болгож хувиргахын тулд маш их хэмжээний судалгаа болоод хөгжүүлэлт шаардлагатай. Тэгсэн цагт бид сая нэг өөрсдийн зах зээлээ үүсгэнэ” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин