Дэлхийн хамгийн хаалттай улс орнуудын нэг Хойд Солонгосын нийслэл ирэх жилээс “үүдээ нээх” бололтой. Тус улсын нийслэл Пхеньян хотноо баригдаж буй зочид буудал ирэх жил нээлтээ хийх тухай олон улсын зочид буудлын сүлжээ компани “Kempinski”-гийн гүйцэтгэх захирал Рето Уиттвер мэдэгджээ.
Пхеньян дахь 105 давхар “Ryugyong” нэртэй зочид буудлын бетонон барилгыг олон улсын мэдээллийн хэрэгслүүд “Муу ёрын зочид буудал” гэж хүртэл тодотгож байгаа. Учир нь барилгын явц хэдэнтээ саатаж, хэдэнтээ хойшлогдсон, дээр нь ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын санхүүгийн бэрхшээлтэй байдлын бэлгэдэл болж буй гэнэ.
“Kempinski”-гийн гүйцэтгэх захирлын хэлснээр “Ryugyong” зочид буудлыг 2013 оны долоо, эсвэл наймдугаар сард нээх төлөвлөгөөтэй аж. Гэхдээ барилгын зөвхөн дээд хэдэн давхарт 150 өрөөтэй зочид буудал байрлах гэнэ. Барилга бүхэлдээ төрөл бүрийн үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор байх ба 1-3 дугаар давхарт ресторан, худалдааны төвүүд, түүнээс дээшхи хэдэн давхарт оффисийн зориулалттай өрөөнүүд байх аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард таалал төгссөн, БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир 1987 онд Францын компанид дээрх барилгыг бариулах захиалга өгч байжээ.
Уиттверийн хэлснээр Кайрод төвтэй “Orascom Telecom” компани барилгын экстерьер буюу гадаад засал чимэглэлд 180 сая ам.долларын хөрөнгө оруулж, фасадны ажил бүрэн дууссан бөгөөд одоо “Orascom”-ынхон интерьер дээр ажиллаж байгаа ажээ. Тус компани 2008 онд БНАСАУ-д үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх болсон байна.
Эх сурвалж: BBC