Википедиагийн нийт өгүүллийн 60 хувь нь ямар нэгэн алдаа агуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5 хувь, огноо 37.7 хувь, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4 хувь, санхүүгийн мэдээлэл 28.8 хувь, үг, үсгийн алдаа 21.2 хувь, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна.
Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр зэрэг найдваргүй вэ гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг.
Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна.
Мөн судалгаанд оролцогчдын 25 хувь нь тэдний компани болон үйлчлүүлэгчдийн тухай Википедиа дахь мэдээлэл бодит байдлаас зөрж байгаа гэсэн бол алдааны талаархи хүсэлт гаргагчдын дөрөвний нэг нь Википедиагаас ямар нэгэн хариулт аваагүй гэж хариулжээ. Судалгааг Америкийн Олон нийтийн харилцааны нийгэмлэгийн сэтгүүлээс зохион байгуулж олон нийтийн харилцааны 1287 мэргэжилтэнг хамруулан санал асуулга хэлбэрээр явуулсан байна.
Википедиа их хэмжээний алдаа агуулдаг тухай мэдээлэлтэй зэрэг шахуу түүнийг бүрдүүлэхэд сайн дураар хувь нэмрээ оруулагчдын дундаас хамгийн эхний 1 сая мэдээлэл бэлтгэгч тодорчээ. Индианаполис мужын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.
Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон философийн тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 600 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа юм.
Дашрамд дурдахад 385 өгүүллийг бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.
Мэдээллийг бэлтгэхээс гадна агуулгыг хянаж, алдааг заварлах шаардлага гарах нь мэдээж. Justin Knapp-т тусладаг хүмүүс байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй ч Википедиагийн алдааны бодит шалтгаан зарим талаар тодорхой байгаа мэт санагдана.
Эх сурвалж: Mail Online