Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ
Дэлхийд томд тооцогдох хэд хэдэн банкууд нийт 2 их наяд орчим ам. доллар бүхий бохир мөнгийг данснаас данс хооронд шилжүүлэх боломжийг гэмт этгээдүүдэд олгосон нь ил болжээ.
АНУ-ын Сангийн яамны дэргэдэх FinCEN (финсен) буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай албанд 2000-2017 оны хооронд банкуудын илгээсэн 2500 гаруй файл сэтгүүлчдийн гарт орсноор олон тооны сэжигтэй гүйлгээнүүд ил болсон байна. Жишээ нь Их Британийн HSBC банк үйлчлүүлэгчид нь луйвраар мөнгө олдог гэдгийг Америкийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдсэн хэрнээ тэдгээр үйлчлүүлэгчдийнхээ хулгайн мөнгийг дэлхийн өнцөг булан бүр лүү шилжүүлж өгч байсан нь тогтоогджээ.
JP Morgan банк Лондон дахь салбараараа дамжуулан эзэн нь үл мэдэгдэх компанийн 1 тэрбум ам. долларыг шилжүүлж өгсөн ба сүүлд нь тухайн компанийн эзэн олон жилийн турш АНУ-д эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн байсан болохыг тогтоосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын түншүүдийн нэг Лондоны Barklays банкны тусламжтайгаар барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээнд өртөлгүйгээр гүйлгээ хийж, урлагийн хэд хэдэн бүтээл худалдан авсан нь ил болсон байна. Санхүүгийн сэжигтэй үйлдэл хийсэн 3000 гаруй компаниуд Их Британид бүртгэгдсэнтэй холбоотойгоор FinCEN албаны тагнуулын хэлтэс Их Британийг Киприйн адил санхүүгийн өндөр эрсдэлтэй улс хэмээн тодорхойлжээ.
Сэтгүүлчид FinCEN албаны бичиг баримтуудаас Арабын Нэгдсэн Эмират улсын Төв банк Америкийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай албаны анхааруулгыг үл тоон эдийн засгийн хоригт өртсөн Ираны талд тусалж байсан компанийн эсрэг арга хэмжээ аваагүй болохыг, Германы Deutsche Bank алан хядагчид болон хар тамхины наймаачидтай холбоотой этгээдүүдийн бохир мөнгийг "угаахад" тусалсан болохыг тус тус олж илрүүлжээ.
Түүнчлэн АНУ, Европын холбооны хоригт өртсөн Оросын олигархууд барууны банкуудын тусламжтайгаар хориг арга хэмжээг үл харгалзан гүйлгээ хийж байжээ. Америкийн Сангийн яамны дэргэдэх Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай албанд олон улсын банкууд үйлчлүүлэгчдийнхээ сэжигтэй гүйлгээний талаар мэдээлдэг ч тэдгээр баримтууд нь дангаараа хууль зөрчсөн баримт болж чаддаггүй аж.
FinCEN-ий баримтууд анх Buzzfeed агентлагийн сэтгүүлчдийн гарт орсон ба тус агентлагийн сэтгүүлчид тэдгээр баримтыг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд дамжуулжээ. Тус консорциумд дэлхийн 88 улсад байх мэдээ мэдээлэллийн 108 байгууллагын сэтгүүлч төлөөлөгчид багтдаг юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон улсын консорциумын хэдэн 100 сэтгүүлчид FinCEN-ий ил болсон тайлан, бичиг баримтуудыг судалж, банкуудын ил болгохыг хүсээгүй үйл ажиллагааг ил болгоод байна. FinCEN нь банкуудаас ирсэн тайлан, мэдээллийг шалгаж, тухайн мэдээллээ АНУ-ын Төрийн бусад агентлагууд, тусгай албуудтай хуваалцдаг аж. Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг банкууд АНУ-ын доллараар хийгдсэн сэжигтэй гүйлгээ болгоныг FinCEN-д мэдээлэх ёстой байдаг.
Гэмт этгээдүүд ямар эх үүсвэрээс мөнгө олсоноо эрх баригчдаас нуухын тулд мөнгө угаах схемийг ашигладаг. Жишээ нь хар тамхины наймаа, авилга хээл хахуулиар олсон мөнгөө нэр хүндтэй томоохон банкны данс руу шилжүүлдэг байна. Нөгөө талаас банкууд хуулийн дагуу мөнгө угаах явдлыг таслан зогсоож, үйлчлүүлэгч нь хэн болохыг мэдэх ёстой байдаг. Банкууд зөвхөн үйлчлүүлэгч сэжигтэй гүйлгээ хийлээ гэсэн тайлан өгчихөөд бусдыг нь хууль сахиулагчид шийднэ гээд хүлээх ёсгүй аж.
Банканд тухайн үйлчлүүлэгч хууль бус үйлдэл хийж байна гэсэн нотолгоо байгаа бол банк гүйлгээг зогсоох эрхтэй байдаг. Гэтэл FinCEN-ий баримтууд ил болсноор бохир мөнгөний асар том урсгал байгааг олон улсын банкууд хамгийн сайн мэдэж байгаа нь ил боллоо гэдгийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон улсын консорциумын төлөөлөгч Фергус Шил онцолжээ.
Түүний хэлж байгаагаар ил болсон баримтнуудад асар их хэмжээний мөнгөний тухай яригдаж байгаа ба банкуудын тайланд дурдагдсан хувь хүмүүс, компаниудын нэрсийг харвал мөнгө угаах явдал маш өргөн хүрээг хамарч байгааг олж харж болох гэнэ. АНУ-ын Сангийн яам FinCEN-ий баримтууд ил болсон нь АНУ-ын Үндэсний Аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC