Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?
Сошиал медиа компаниуд хор хөнөөлтэй агуулга бүхий контентуудыг зохицуулах хамгийн сайн арга замыг эрэлхийлж байна. Саяхан амиа хорлох тухай видео TikTok дээрээс тархаж Instagram, 4chan, Facebook зэрэг сайтуудаар дамжин олон сая хүнд хүрсэн юм. Үүний нөлөөгөөр олон орны эрх баригчид сошиал медиа компаниудыг илүү нягт цензур тавихыг шаардаж эхлэв.
Энэхүү "даалгавар"-ыг биелүүлэхийн тулд компаниуд хүний нөөц болон, хиймэл оюун гэсэн хоёр том "зэвсэг" хэрэглэхээр болоод байна. Фэйсбүүк нь одоо байгаа системүүдтэйгээ зэрэгцэн "Хор хөнөөлтэй" постуудыг ирүүлэх өөрийгөө боловсруулдаг хиймэл оюун бүтээж байгаа гэнэ.
Коронавирусын цар тахлын үеэр YouTube мөн алгоритм бусдад хор хүргэх агуулга бүхий видео болон комментуудыг илрүүлэх болжээ. Тус компани 2020 оны хоёрдугаар улиралд урьд өмнө хэзээ ч байгаагүй олон видеог устгаж, "аль болох олон тооны хориотой агуулга бүхий контентийг арилгаж байна" гэсэн мэдэгдэл хийсэн юм.
Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан нь алдаа дутагдалтай хэвээр байна. 2019 онд АНУ-ын цахим хэрэглэгчдийн хүрээлэнгийн гаргасан тайланд хэрэглэгчдийн бичсэн текстийг хиймэл оюун хүн шиг ойлгохгүй тул иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг алдагдуулж болзошгүйг тэмдэглэжээ.
Үүний нэг жишээ бол Вьетнамын дайнд нэрвэгдсэн хүүхдийн зургийг Facebook-ийн алгоритм "садар самуун сурталчилсан" хэмээн цензурдсан явдал юм. Учир нь тус компанийн хиймэл оюун дайны үеийн алдарт гэрэл зураг болон хүүхдийн хүчирхийллийн дүрсийг ялгаж чадаагүй аж.
Ийм асуудлын хариуд Facebook хиймэл оюунаас гадна агуулгыг хянан зохицуулах зөвлөл байгуулсан юм. Тус зөвлөл нь хиймэл оюуны цензурдсан постуудыг хэрэглэгчдийн хүсэлтээр үнэхээр тус сайтын дүрмийг зөрчсөн эсэхийг шалгадаг ажээ. Гэсэн хэдий ч хүсэлт ирүүлсэн хүн бүрийн постыг шалгахын тулд тус зөвлөл нь асар удаан хугацаа зарцуулдаг хэмээн гомдол хэрэглэгчдээс ирсээр байна.
Мөн дээрх зөвлөлд ажилладаг зохицуулагчид маш хэрцгий агуулагатай зүйлс байнга үздэг учраас тэдгээр нь хэвийн зүйл мэт сэтгэгдэл төрүүлж эхэлдэг. Үүнээс болоод зарим нэг нь мансууруулах бодисонд хүртэл ордог гэнэ.
2019 оны 4-р сараас 6-р сарын хооронд Инстаграм сайтаас 834,000 ширхэг постыг устгажээ. Технологийн компаниуд ихэвчлэн контентийн зохицуулалтыг гуравдагч этгээдийн компаниудад аутсорсинг хийх замаар шийддэг. Тиймээс ийм ажил тэдгээр хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг судлах явц нь өөрөө удаашралтай байна.
Эх сурвалж: independent.co.uk