Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд мянга мянган хүүхдүүдийг боолчлол, хүний наймаанаас аварсан Нобелийн Энх тайвны шагналт Кайлаш Сатьярти коронавирусын цар тахлын улмаас сая сая хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр, хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэтхэг дэх хүүхдийн хөдөлмөр, хүний наймааны эсрэг тэмцлийнхээ төлөө 2014 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн тэрээр, "Сая сая хүүхдүүд дахин боолчлол, хүний наймаа, тэвчишгүй хөдөлмөрийн золиос болж, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр гэрлүүлэх явдал нэмэгдэх маш том аюул заналхийлж байна." хэмээн сэтгэл зовнин ярьжээ. Коронавирусын цар тахлын улмаас Энэтхэгт сая сая иргэд ядууралд автаж, айл өрхүүд амьжиргаагаа залгуулахын тулд хүүхдүүдээ хөдөлмөрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.
Өнгөрсөн хэдэн жилд Энэтхэгт хүүхдийн хөдөлмөрийн үзүүлэлт буурсан ч 10.1 сая хүүхэд ямар нэг төрлийн хөдөлмөр үйлчилгээ эрхэлсээр байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байна. Хүүхдүүд тоосгоны үйлдвэр, хивс, даавууны үйлдвэр, газар тариалан, загасны ферм, уурхай зэрэг төрөл бүрийн салбарт ажиллах нь элбэг байдаг байна. Энэ сарын эхээр Кайлаш Сатьярти сан хууль сахиулагчидтай хамтран Энэтхэгийн баруун зүгт байрлах сам хорхой боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан насанд хүрээгүй хэдэн 10 охидыг аварчээ. Энэ талаар Кайлаш Сатьярти, "Хүүхдийн хөдөлмөрийн занганд орсон хүүхэд цаашаа биеэ үнэлэх, хүн наймаалах гэмт хэрэгт амархан өртдөг.
Энэ бол засгийн газрын даруй шийдэх асуудал юм." хэмээн цар тахлын улмаас хүүхдийн бэлгийн хүчирхийлэл огцом нэмэгдэж байгааг ч мөн онцолжээ. Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, " Боолчлолын золиост нэг ч хүүхэд өртөхгүй болсон цагт л миний санаа амарна. Хүүхдийн боолчлолын асуудал байгаа нь бидний төр, эдийн засаг, нийгэмд асуудал байгаа гэдгийг харуулж байна. Бид нэг ч хүүхэд золиос болохгүй байхад анхаарах ёстой." гэжээ.
Эх сурвалж: Reuters