Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно
Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас гаргасан зарлигийн дагуу АНУ-ын Худалдааны яам энэ ням гарагаас эхлэн Хятадын TikTok, WeChat аппликэйшнүүдийг улсынхаа нутаг дэвсгэрт татаж авах, ашиглах явдлыг хязгаарлах шийдвэр гаргажээ.
Тодруулбал Америкийн иргэд WeChat-ыг гар утсандаа татаж суулгах боломжгүй болох бол одоо ашиглаж байгаа хэрэглэгчдийн төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг хязгаарлах юм байна. Харин TikTok аппликэйшний одоогийн хэрэглэгчид хэвийн ашиглаж болох ч шинээр татаж авах боломжгүй аж. Хэрэв тус аппликэйшнийг арваннэгдүгээр сарын 12-ноос өмнө Америкийн компанид зарах хэлэлцээр амжилттай болоогүй тохиолдолд тус улсад бүр мөсөн хаагдах ажээ.
"Ирэх ням гарагаас хүчин төгөлдөр болох өөрчлөлт бол TikTok-ийн хэрэглэгчид тус аппликэйшний шинэчлэгдэж сайжруулсан хувилбарыг ашиглах боломж нь хязгаарлагдах юм" хэмээн Худалдааны яамны ерөнхий нарийн бичгийн дарга Уилбур Росс өгүүлсэн байна. Мөн WeChat-ын хөгжүүлэгчдийн АНУ дахь аливаа үйл ажиллагаа шууд хууль бус явдалд тооцогдох тухай өгүүлжээ.
Өнгөрсөн сарын 15-нд Дональд Трамп TikTok болон WeChat-ын эзэмшигчдийг АНУ-д ямар нэгэн гүйлгээ хийхийг хориглох зарлиг гаргасан бөгөөд үүндээ үндэсний аюулгүй байдлын асуудлыг холбон тайлбарласан юм.
"Microsoft" компани өмнө нь TikTok-ийн Америкт явуулдаг бизнесийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Ерөнхийлөгчийн хориг аппликэйшнд бус эзэмшигчдэд нь хамаатай тул ийнхүү худалдаж авснаар "TikTok"-ын хэрэглээг Америкт бүр мөсөн хориглох шаардлагагүй болох боломжтой аж.
Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг "TikTok" аппликэйшн нь АНУ-ын зах зээлд 80 сая орчим хэрэглэгчтэй. Трампын засаг захиргаа тус компанийг хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэж үзсэн тул хориглох тухай асуудал сөхөгдсөн юм.
Эх сурвалж: Fox Business