Японы Кеио их сургуулийн судлаачид автомашины хойд хэсгийг нэвт харагдуулах системийг бүтээсэн байна. Энэ нь профессор Инамигийн бүтээсэн гэрлийг буцааж ойлгох шинж чанар бүхий материалын технологийг автомашинд хэрэглэсэн хувилбар бөгөөд жолоочийн харааны цэгээс машины арын хэсгийг нэвт харагдахаар тохируулжээ. Технологийн онцлог нь жолоочид өөрийн нүдээр машины гадна орчинг ямар нэгэн саадгүйгээр харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Одоогоор автомашинд ашиглагдаж байгаа хойд хэсгийг харах камерын дүрслэлүүд нь машин болон саадын хоорондын зайг тодорхой харуулдаг боловч хүний нүдээр харсантай адил алслалттай дүрсийг үүсгэж чаддаггүй. Тэгвэл шинэ систем гурван хэмжээст үзэгдэх байдалтай төстэй бодит дүрслэлийг харуулдагаараа онцлог юм. Уг систем автомашины хойд хэсэгт байрлах камераар хүлээн авсан дүрсийг хагас толиор дамжуулан арын суудлын хооронд байрлах гэрэл ойлгогч материалд проекцлох зарчимаар ажиллана.
Материалаас ойсон гэрэл буюу машины арын дүрслэл жолоочид машиныг "нэвт харагдуулна". Мөн дүрслэлийг зөвхөн жолоочийн харааны цэгээс бүрэн харагдахаар комьютерээр тохируулдаг байна. Гэрэл ойлгогч материал нь оптикийн хувьд гэрлийг ирсэн чиглэл рүү нь буцаан ойлгох онцгой шинж чанартайгаас гадна автомашинд хэрэглэх тохиолдолд өрдийн гэрэлтэй нөхцөлд ч тод харагддагаараа онцлог юм.
Технологийн судалгааны түвшин одоогийн байдлаар зөвхөн арын суудлын хэсгээр хязгаарлагдаж байгаа боловч цаашид харааны цэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар автомашиныг 360 хэмээр нэвт харагдуулж, жолоодлогын үеийн харааны саадыг бүрэн арилгахыг зорьж байна. Мөн хэрэглээнд нэвтрүүлэх талаар автомашин үйлдвэрлэгчид нартай ярилцаж байгаа бөгөөд 5 жилийн дотор зарим хэлбэрээр ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.