2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас 2020 оны дэлхийн эдийн засгийн төлөвийн талаарх тайлан мэдээгээ танилцууллаа. Тус байгууллагаас энэ онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина гэж урьдчилан тооцоолж байна. Гэхдээ энэ нь тус байгууллагын өмнөх таамаглалаас хавьгүй дээр үзүүлэлт юм. Үүнээс өмнө ЭЗХАХБ 2020 онд дэлхий эдийн засаг 6 хувиар огцом агших төлөвтэй байна гэж мэдээлж байсан.
ЭЗХАХБ өмнөх төлөвтөө өөрчлөлт оруулсан нь АНУ, Хятадын хүчирхэг эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаатай холбоотой гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэр дундаа, Хятадын эдийн засгийн сэргэлт мэдэгдэхүйц байгаа нь олон улсын санхүүгийн нөхцөл байдалд эерэгээр нөлөөлж байна.
Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 он эцэст 5.8-6.0 хувьд хүрнэ гэж өмнө нь таамаглаж байсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд корона-вирусын халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1.1 хувиар буурч 4.9 хувьд болно гэж таамагласан. 2003 оны SARS-ын үед дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь 4 орчим байсан бол 2019 онд 16 хувь болжээ. 2003 онд Хятадын жуулчид 10 сая байсан бол 2019 онд 150 сая болсон.
2003 онд Хятад улс дэлхийн зэсийн хэрэглээний 16 хувь, нүүрсний хэрэглээний 30 хувь, газрын тосны хэрэглээний 5 хувийг эзлэж байсан бол 2019 онд дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувь, нүүрсний хэрэглээний 52 хувь, газрын тосны хэрэглээний 15 хувьийг эзэлж байна. Хятад улсын Статистикийн байгууллагын мэдээлснээр тус улсын 2019 оны байдлаар ДНБ нь 14,4 их наяд ам долларт хүрсэн, тэгэхээр Хятад улсын эдийн засаг 1.0 хувь буурна гэдэг нь 144,0 тэрбум ам доллар буюу дундаж хэмжээний эдийн засагтай нэг улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээний өсөлтийг алдана гэсэн үг юм.
АНУ-ын Санхүү эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Стивен Мнучин болон Холбооны нөөцийн дарга Жером Пауэлл нар уриалан Их долоогийн Сангийн сайдууд болон Төв банкны захирагч нартай 2019 оны Коронавирусын өвчлөлийн талаар ярилцсан байна. Уулзалтын үр дүнд нэгдсэн мэдэгдлийг гаргасан бөгөөд мэдэгдэлд “Эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх эрчимжүүлсэн хүчин чармайлтынхаа хажуугаар Их долоогийн Сангийн сайдууд энэ цаг үед вирусыг эсэргүүцэх, эдийн засгийг дэмжих зорилгоор шаардлагатай газарт санхүүгийн арга хэмжээгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Их долоогийн төв банкууд санхүүгийн системийн уян хатан байдлыг хадгалахын хажуугаар үнийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж ажиллана” гэж дурдсан. Мөн Олон улсын Валютын Сан, Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудыг боломжит арга хэрэгслүүдээ ашиглан вирусээс шалтгаалан үүдэж буй хүмүүнлэгийн гарз хохирол, эдийн засгийн сорилтуудын эсрэг гишүүн орнууддаа дээд хэмжээнд дэмжиж ажиллахыг хүссэн.
Цар тахлын улмаас дэлхийн олон орны эдийн засаг түүхэн дээд хэмжээгээр агшсан таагүй үйл явдал 2020 оны улиралд ажиглагдсан юм. ЭЗХАХБ –ын урьдчилсан тооцоогоор энэ онд Японы эдийн засаг 5.8 хувиар агшихаар байгаа бол АНУ-ын ДНБ-ын өсөлт 3.8-аар буурахаар байна. Харин Хятад улсынх эсрэгээр 1.8 хувиар тэлэхээр байна. Ирэх жилээс дэлхийн эдийн засгын нөхцөл байдал дээрдэнэ гэж үзэж байгаа аж. Цар намжих тохиолдол 2021 онд дэлхийн эдийн засаг 5 хувиар тэлнэ гэж тус байгууллагаас урьдчилан таамаглаж байна.
Эх сурвалж: Forbes