Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ
Хятадын баруун хойд зүгийн нутагт хэдэн мянган иргэн бруцеллёз өвчний халдвар авсан нь тогтоогдоод байна.
Ганьсү мужийн төв Ланжоу хотын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлснээр өвчтэй мал, амьтнаас халдварладаг бруцеллёз өвчний халдварыг 3245 хүн авсан нь тогтоогдоод байгаа ба 1401 хүний шинжилгээ урьдчилсан байдлаар эерэг гараад байгаа аж. Эрх баригчид нийтдээ 2.9 сая хүн амтай Ланжоу хотын 21 846 хүнээс шинжилгээ аваад байгаа аж.
Ланжоу хотын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдэгдсэнээр бруцеллёзийн нянг Жонму Ланжоу эмийн үйлдвэр өнгөрсөн жилийн 7,8-р сард тараасан нь тогтоогдсон ба тус үйлдвэр бруцеллёзийн вакцин үйлдвэрлэх явцдаа хугацаа нь дууссан ариутгалын бодис ашигласнаар үйлдвэрийн хаягдал хийнд бруцеллёзийн нян үлдсэн байжээ. Хаягдал хий агаарт дэгдсэнээр ойролцоо байрлах Ланжоу Мал судлалын институтэд хүрч, тус институтийн багш, оюутнуудад өнгөрсөн жилийн 11-р сараас эхлэн халдварын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна.
Америкийн Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр бруцеллёз өвчний халдвар авсан хүнд халуурах, толгой, булчин өвдөх, ядрах шинж тэмдэг илрэх ба өвчин хүндэрсэн тохиолдолд халдвар авсан хүн үе мөчний ужиг, архаг хэлбэрийн өвчтэй болдог байна.
Эх сурвалж: CNN