Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилна. Тэгвэл энэхүү айлчлалтай зэрэгцүүлэн Хятадын Элчин сайд Цай Вэньруй хэвлэлд ярилцлага өгч, дипломат сануулга өглөө. Асуудал үүсээд, өрнөөд явж байхад дуугараагүй байж Гадаад хэргийн сайдын айлчлалтай давхцуулж байгаа нь цаагуураа юу өгүүлэв. Учир жанцангүй юм гэж үгүй.
Түүний ярилцлагад гурван том хөг байна. Нэгдүгээрт, "Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Үндэсний хэлээр хичээл заадаг бага, дунд сургуулиуд Хэл бичиг гэсэн нэгдсэн нэг сурах бичиг хэрэглэснээр улс даяар хэрэглэх хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр. Нэгдсэн сурах бичгийг нэвтрүүлж, улсын нийтээр хэрэглэх хэл, бичиг дээр сургалт явуулах нь нийтээр хэрэглэх хэл, бичгийн хэрэглээний түвшинг дээшлүүлэх, үндэсний цөөнхийн боловсролын хөгжлийг ахиулахад тустай. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг юм" хэмээсэн байна. Үндсэндээ Хятадын удирдагчид нэгэнт шийдвэр гаргасан, түүнийг нь хэн гуай ч дагаж мөрдөх ёстойг санууллаа. Нэг үгээр хэлбэл, энэ асуудалд бусад орнууд, тэр дундаа Монголыг оролцохгүй байхыг сануулав.
Хоёрдугаарт, "Энэ талаар Монгол Улсад маш их шуугиж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн Монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү" гэж ярьж. Монголыг оролцохгүй байхыг сануулсан сануулгаа улам лавшруулсан хэрэг.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдэлье л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Си дарга нь хараад юу гэх бол? Миний хувьд бол - Persona Non Grata" хэмээн жиргэж, хариу барив. Элчин сайдыг хувийнхаа үзэл бодлыг илэрхийлж байна гэж тэр үзсэн бололтой. Ямар ч байсан тэр монгол бичгээ сурах эрхийг нь монгол хүнд үлдээх ёстой гэдэг байр сууринаасаа ухрахгүй бололтой. Цаашид юу болохыг харъя.
Гуравдугаарт, Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна. Нүүрс зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна" гэж. Энэ бол сануулга биш, түүнээс ч давсан үг.
2019 онд Хятад 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон. Түүнийхээ 36.4 саяыг Монголоос авсан. Энэ жил коронавирусийн улмаас Хятадын гангийн үйлдвэрлэл буурсан. Гэхдээ л багадаа 50 сая тонн коксжих нүүрс импортлох боломжтой. Гэтэл манай улс энэ оны наймдугаар сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларын экспорт хийж. Энэ оныг дуустал ихдээ 20 гаруй сая тонн нүүрс л экспортлох боломжтой харагдаж байна. Ийм байхад Хятадын талд нүүрс овоороод, сүйд болтол юу ч билээ. Ингээд бодохоор Элчин сайд "Өвөр Монголын асуудалд оролцоод байвал манайх нүүрс авахгүй шүү" гэж "загнаж" гэж харахаар байна.
Эх сурвалж: zaluucom.mn