Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй
БНХАУ газрын ховор элементийг “Худалдааны дайн”-д зэвсэг болгон ашиглах төлөвтэй байгааг зарим хэвлэлд онцолж эхэллээ. Коммунист намын гол хэвлэл “People's Daily” сонинд "Худалдааны дайнд тулалдах БНХАУ-ын чадварыг АНУ дутуу үнэлэх ёсгүй. Газрын ховор элементийг БНХАУ “Худалдааны дайн”-ы зэвсэг болгон ашиглах уу гэсэн асуултад хариулах нь хэцүү биш" гэж бичсэн байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-тай худалдааны хэлэлцээ хийх багын ахлагчийг дагуулан энэ сарын эхээр газрын ховор элементийн үйлдвэрт зочилсон нь таамгийг баталгаажуулж байна гэж үзэж байгаа юм. АНУ газрын ховор элементийн хэрэглээнийхээ 80 хувийг БНХАУ-аас авсан импортоор хангадаг. Ухаалаг гар утас, цахилгаан автомашин, цэрэг армийн зэвсэг техник зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг газрын ховор элемент нь худалдааны маргааны нэг хэсэг болоод амжсан юм.
Вашингтоны эрх баригчид нэмж БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын импортын бараа, бүтээгдэхүүний тарифыг өсгөхөөр төлөвлөөд байна. Энэ жагсаалтад газрын ховор элементүүдийг оруулаагүй ажээ. Газрын ховор элемент нь дэлхийн царцдас давхаргад ихээр байдаг боловч олборлох боломжтой баяжмалын тархац элбэг бус байдаг байна.
АНУ-д энэ төрлийн эрдсийг дотоосоо олборлосноос импортоор авсан нь илүү хямд тусдаг байна. “Peoples Daily”, “Global Times”, “Shanghai Securities News” зэрэг хэвлэлүүдэд мэдээ нийтлэгдсэний дараа газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын компаниудын хувьцааны ханш өслөө.
“China Northern” компанийнх Шанхайн Хөрөнгийн биржид 6.1 хувиар өссөн бол Хонгконгт бүртгэлтэй “China Rare Earth Holdings”-ийх 39 хувиар огцом дээшилжээ.
Эх сурвалж: Bloomberg