Сансар огторгуй дараагийн их хөрөнгө оруулалтын талбар болжээ
Сансрын бизнес, сансрын технологи гэхээр зөвхөн “SpaceX”, Элон Маск төсөөлөгддөг цаг ард хоцорчээ. Энэ салбарт жил ирэх бүр олон старт- апп компаниуд мэндэлж, хөрөнгө оруулалт татан, хэрэглэгчдэдээ янз бүрийн үйлчилгээ санал болгож байна.
Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 нугардаг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10,000 нугарна хэмээн хөрөнгө оруулагчид тооцоолох болсон юм.
“Statista”-гийн мэдээлснээс үзвэл, арилжааны зорилготой сансрын нислэг гэх ойлголт 1980-аад он, Францын “Arianespace” компаниас эхтэй аж. Франц, Герман, Итали тэргүүтэй Европын 10 улс хувь эзэмшдэг тус компани 2004 оны байдлаар дэлхийн арилжааны нийт нислэгийн (сансрын) 50 хувийг хянаж байв. 1984 оны тавдугаар сарын 24- нөөс хойш тус компани 240 гаруй удаа арилжааны нислэг үйлдсэн аж. Харин одоо “Arianespace”-тэй ижил төрлийн үйлчилгээ санал болгодог компаниуд эрс олширчээ. Зах зээл нь сансрын аялал жуулчлалаас гадна хиймэл дагуул зохион бүтээх чиглэлд хөгжиж байна.
Space News-д мэдээлснээр, зөвхөн дэлхийн гадаргын зураг авдаг хиймэл дагуул бүтээх чиглэлд гэхэд л хэдэн зуун гарааны компани хөгжүүлэлт хийж байгаа аж. Эдгээр компаниуд хоорондоо онцын ялгарах зүйлгүй. Гэсэн ч дөнгөж эхэлж буй, маш ирээдүйтэй салбар тул хөрөнгө оруулагчид олдож байгаа юм. Жишээ нь, Британийн “Open cosmos” гэж компани 2015 онд байгуулагдаж, 4-30 кг жинтэй хиймэл дагуул үйлдвэрлэжээ. Нэг хиймэл дагуул зориулалт, овор хэмжээнээсээ хамаараад 100 000- 10 000 000 ам.долларын үнэ хүрдэг. Байгалийн баялаг эрэн хайх, хөдөө аж ахуй хөгжүүлэх, усны бохирдлын тандалт судалгаа, харилцаа холбоо гэх мэт янз бүрийн зориулалттай хиймэл дагуулуудыг хувийн хэвшлийнхэн ч хийлгэж болно. Тус компани долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна.
Сансрын аялал жуулчлал гэх ойлголт хүмүүст зөгнөл шиг сонсогддог байсан цаг саяхан. Тэгвэл өдгөө тийм байхаа больж аялал жуулчлалын салбарын ашиглагдаагүй нэг нөөц бололцоо эргэлтэд орон тэсрэлт хийхээр зэхэж байна.
Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 82 хувийг эзэмшиж байгаа гэсэн судалгааг “Oxfam” институт Давосын эдийн засгийн чуулганаар танилцуулж байсан. Сансрын аялал жуулчлалын зорилтот зах зээл нь хүсэл сонирхлынхоо төлөө өндөр үнэ төлж чадах энэхүү нэг хувь юм. Дэлхийн нийт баялгийг 82 хувийг онилсон том зах зээл гэж ч хэлж болох юм.
Ашиглагдаагүй энэ нөөцийг Оросын сансрын агентлаг, АНУ-ын “Space adventures” компанитай хамтран 2001 онд анх нээж, 2012 он хүртэл долоон жуулчныг сансарт амжилттай аялуулсан юм. ОХУ-ын эрх баригчид уг хамтын ажиллагааг 2012 онд цуцалснаас хойш сансарт жуулчилсан хүн дахиж гараагүй л байна. Гэсэн ч баячууд сансарт нисэхээр ар, араасаа дугаарлаж, шинэ зах зээл ирээдүйтэй гэдгээ хангалттай харуулсан тул түүнээс хойш технологийн олон компаниуд энэ салбарт өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн юм. Анхны долоон жуулчнаас хойш дахин нэг ч жуулчин сансарт аялаагүй ч үнэ өртөг нь хүртэл хямдарсан нь энэ салбарын өрсөлдөөн ширүүссэнийг илтгэнэ. Мөнөөх Оросын сансрын агентлаг, “Space adventures” ч нөхцөл байдлыг зөв үнэлэн 2021 онд багтааж хоёр жуулчныг аялуулах гэрээг өнгөрсөн онд байгуулжээ.
Сансрын анхны жуулчин Денис Тито 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд түүхт нислэгтээ оролцохдоо 20 сая ам.доллар төлсөн байдаг. 2005 онд Английн дуучин Сара Брайтманы цуцлагдсан нислэг 35 сая фунт стерлингээр үнэлэгдэж байлаа. Иран гаралтай АНУ-ын иргэн Ануш Ансари 2006 онд сансрын анхны эмэгтэй жуулчин болсон, Унгар гаралтай АНУ-ын бизнесмэн, Чарльз Симони хоёр удаа аялсан анхны жуулчин болсон гэх мэтээр түүх бичигдэж л байна. Сарны тойрог замаар аялах, саран дээр буух, гурван сая ам.доллар төлөөд задгай сансарт гарч үзэх гэх мэтээр бүтээгдэхүүний нэр төрлөө ч нэмэгдүүлж буй. Гэхдээ дээрх зорилтыг хэрэгжүүлэх бүх төслүүд хөгжүүлэлтийн шатандаа яваа юм.
Эх сурвалж: Business Insider