УОК: Цэцэрлэг, бага дунд их дээд сургуулиудыг энэ сарын 21-нээс хэвийн горимоор хичээллүүлнэ
Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 21-нээс энгийн горимд шилжүүлэхээр Засгийн газар эцэслэн шийдвэрлэлээ.
Ингэснээр 9 дүгээр сарын 21-нээс буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн ЕБС, их, дээд сургуулийн хичээлийг хэвийн горимоор оруулахаар болж байна гэсэн мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс өглөө. Их, дээд сургуулийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 4-нөөс эхлүүлэх шийдвэр гаргаж байсан ч урагшууллаа.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 11 дүгээр сарын 1-н хүртэл сунгажээ.
Дотооддоо коронавирусийн халдварыг алдаагүй байгаа тул 9 дүгээр сарын 16-наас урлаг, спорт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хэвийн горимд буцаан оруулахаар болсон байна.
Ингэснээр ААН, байгууллагууд хуучин хэвээрээ ажиллахаар болж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хилийг одоогоор нээхгүй. Энэ нь цар тахлын халдвар орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Харин тусгаарлалтын хугацаа одоогоор 35/тусгаарлах байранд 21, гэртээ 14/ байгааг 21 болгон багасгаж байна. Ингэснээр 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй болж байгаа" гэв.
Эх сурвалж: УОК