"Цагаан нүх" гэж юу вэ?
Хар нүхэнд сорогдон орсон матер хаачдаг вэ? Энэ асуултын яг тодорхой хариултыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар ихэнх судлаачид хар нүхэнд орсон зүйл хаашаа ч явдаггүй гэдэгтэй санал нэгдэж буй. Өөрөөр хэлбэл сорогдсон матери хар нүхний массыг л нэмнэ гэсэн үг. Гэвч олон жилийн өмнө энэ асуудал нилээн маргаантай байсан бөгөөд зарим хүмүүс сорогдсон матери хар нүхээр дамжин ертөнцийн хаа нэг өөр цэг дээр гарч ирдэг "цагаан нүх" бий гэх мэт таамгуудыг дэвшүүлдэг байв.
Хар нүх бүхнийг сорж, залгидаг бол түүний эсрэг бүхнийг түлхэж, "нулимж" гаргадаг цагаан нүх байх ёстой хэмээх таамаглал харьцангуйн онолоос үүджээ. Цагаан нүхэнд хар нүхний юмсыг сорох үзэгдлийн бичлэгийг буцааж ухраасантай адил үзэгдэл ажиглагдана. Эрдэмтэд их хэмжээний энерги ялгаруулах квазар анх нээгдэх үед цагаан нүх байх гэж таамаглаж байжээ. Хэрэв цагаан нүх үнэхээр оршин байсан бол орчлон ертөнцийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх ёстой гэж үздэг.
Их тэсрэлтийн өмнө орчлон асар их нягтаршилтэй цэг байсан гэдэг. Хэрэв түүнийг цагаан нүх байсан гэж үзвэл их тэсрэлтийн шалтгааныг тун хялбар тайлбарлаж болно. NASA богино долгионы WМAP хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үлдэгдэл цацрагийг судлаж, орчлон ертөнц огцом тэсрэлтийн хамт үүссэний нотлогоог илрүүлсэн билээ.
Мөн савангийн хөөс мэт бөөгнөрсөн олон орчлон ертөнц оршин байгаа, хөөс хагарч хуучин ертөнц мөхдөг бол шинэ хөөс үүсч шинэ ертөнц төрөн гардаг хэмээх олон ертөнцийн онол бий. Хиймэл дагуулуудын мэдээллүүд энэхүү онолтой зарим талаар таардаг. Үнэхээр олон ертөнц оршин байна уу, тэдгээр нь цагаан нүхнээс үүсдэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Онолоор цагаан нүх маш эмзэг, хар нүхний нөлөөгөөр хялбар алга болдог учир урт насладаггүй гэж үздэг. Эрт дээр үед нэгэн цагаан нүх байгаад бидний орчлонг үүсгэсний дараахан устаж алга болсон байж магадгүй. Баттай биш ч магадлал бий. Бас хар нүх анх магадлал төдий байсныг ч мартаж болохгүй билээ.
Эх сурвалж: Science Daily