"COVID-19"-ийн дараах шинэ ертөнцөд цахимаар ажиллах чадвар эрэлттэй байна
COVID-19-ийн халдвар дууссаны дараа биднийг огт өөр ертөнц угтах тухай мэргэжилтнүүд сануулсаар буй. Бид энэ удаа коронавирусийн дараах ертөнцөд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжил, эзэмшвэл зохих ур чадваруудыг танилцуулж байна.
Дасан зохицох чадвар ба уян хатан байдал
Шинэ ертөнц бий болоход компаниудын үйл ажиллагаа, ажиллах арга хэлбэр өөрчлөгдсөн байх аж. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа хэдий ч цар тахал үүнийг улам бүр түргэсгэх аж. Тиймдээ ч ирээдүйн дэлхий ертөнцөд хэрэгцээтэй хэдхэн ажил мэргэжил үлдэх гэнэ. Коронавирусийн дараах ертөнцөд амжилтад хүрэхийг хүссэн хэн бүхэн өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй ажлын байрандаа дасан зохицох чадвартай байх ёстойг онцолж байна.
Техникийн хэмнэлт
Коронавирусийн дараах ертөнцөд өөрийгөө бэлдэх хамгийн сайн арга бол технологийн ур чадвар эзэмших аж. COVID-19-ийн нөлөөнөөс үүдэн компаниуд үйл ажиллагаагаа өөрчилж, хурдацтайгаар цахим хэлбэрт шилжиж байгаа нь ирээдүйд үүсэж болох эрсдэлд бэлдэж буйн жишээ. Үнэн хэрэгтээ хиймэл оюун ухаан хийгээд интернэт орчин дахь мэдээллүүд тухайн бизнесийг учирч болох хүчин зүйлсийг уян хатан, хохирол багатай даван туулахад тус болох аж. Шинэ ертөнцөд үйлдвэр эсвэл оффисын алинд нь ч ажилладаг бай дээрх техникийн арга хэрэгслүүдийг зөв, үр дүнтэй ашиглаж сурах нь чухал юм.
Бүтээлч байдал, шинэ санаа
Цар тахлын үед бүтээлч байдал, инновац нэн чухал болохыг хэдийн олж харсан байх. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодитой, хүртээмжтэй хүргэхийн сацуу нөхцөл байдалд дасан зохицож, өөрчлөлт хийж чадсан нь (Mercedes F1 уралдааны машинаас амьсгалын аппарат хийсэн) тахлын үед бизнесээ авч үлдэх боломжтой. Коронавирусийн дараах ертөнцөд шинэ бүтээгдэхүүн, ажлын арга барил бий болгоход бүтээлч, шинийг эрэлхийлэгч байдал хамгаас чухал болохыг судлаачид онцолж байна.
Мэдээлэл ба мэдлэг
Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед компаниудын хувьд мэдээлэл хамгийн үнэт зүйл болох ба зөв өгөгдөлтэй мэдээллийг мэдлэг болгон хувиргаж чадвал цар тахал хийгээд түүний дараах хүнд үеийг төвөггүй даван туулах аж. Тиймдээ ч COVID-19-ийн үед дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өөр өөрийн онцлогт тохирсон өөрчлөлт шинэчлэлийг нэвтрүүлээд эхэлжээ. Ажилчин, боловсон хүчний хувьд ч тэр өгөгдөл, мэдээллийг мэдлэг, туршлага болгон хувирган чадваргүй бол цомхотголд орох нь дамжиггүй. Ирээдүйд мэдээлэл, мэдлэгтэй мэргэжилтнүүд ажил олгогчдын анхаарлын төвд байх гэнэ.
Шүүмж сэтгэлгээ
COVID-19-өөс үүдсэн хямралын дараа дэлхий нийтэд хэрэг болох бас нэгэн хүчин зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ юм. Тахлаас үүдсэн интернэт орчин дахь “үймээн”, хуурамч мэдээ, мэдээлэлд хянуур, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. Олон янзын эх сурвалжаас авсан мэдээлэл дундаас аль нь үнэн бодитой болохыг ялгаж салгадаг байх нь чухал. Бүх мэдээлэл үнэн гэсэн баталгаа байхгүй учир компанийн удирдлагууд болон ажилтнууд шийдвэр гаргахдаа мэдээллийн үнэн бодит эсэхийг давхар нягталж байх нь чухал аж.
Дижитал ба кодлох ур чадвар
Коронавирусийн улмаас компаниудын дижитал өөрчлөлтүүд идэвхжсэн. Тиймээс кодчилол, вэб хөгжүүлэлт, дижитал маркетинг зэрэг ур чадвар бүхий мэргэжилтнүүд харьцангуй эрэлттэй болох гэнэ. Тиймдээ ч аж ахуй нэгж компаниуд хүссэн хүсээгүй үйл ажиллагаандаа цахим шинэчлэл хийх шаардлагатай нүүр тулах ба дагаад боловсон хүчинд ч тийм шаардлага тавигдах аж.
EQ буюу сэтгэл зүйгээ удирдах
Цар тахал мэт цаашид хэрхэх нь тодорхойгүй, алхам бүрт аз сорьсон цаг үед хамгийн чухал манлайллын чадвар бол EQ буюу сэтгэл зүйгээ удирдах чадвар аж. Сэтгэл хөдлөлөө ухамсарлах, илэрхийлэх, хянах чадвар хийгээд бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байх нь удирдах, манайлах чадварын суурь болдог. Бизнесийн үйл ажиллагаа нь тодорхойгүй болж, доголдож эхлэх үед сэтгэл хөдлөлөө хянаж, удирдаж сурах нь компанийн удирдлагууд болоод жирийн ажилчдад тавигдах зүй ёсны шаардлага болдог. Тиймдээ ч хүчтэй EQ-тэй хүмүүс ирээдүйд илүү боломж эдлэх аж.
Насан туршдаа сурч боловсор
Ердөө таван жилийн дараа өнөө үед үнэ цэнтэйд тооцогдож буй мэдлэг, ур чадварын 35 хувь нь өөрчлөгдөх тухай Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Коронавирус төдийгүй өөр ямар ч цаг үе, нөхцөл байдалд үнэ цэнээ алдахгүй чадвар бол насан туршдаа суралцах болох юм. Хөдөлмөр эрхлэлтийн хатуу чанга зах зээл бүхий ирээдүй дэлхий ертөнцөд илүү уян хатан, хөрвөх чадвар бүхий мэргэшсэн боловсон хүчин эрэлт хэрэгцээтэй хэвээр байх бөгөөд ажил олохын тулд хүч бага зарцуулах болно. COVID-19-ийн үед таны ур чадварыг дээшлүүлэхэд хэрэг болох үнэгүй онлайн сургалтууд хэдэн зуугаараа байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан, IT, инженерчлэл гээд нэрлээд байвал дуусахгүй. Coursera, edX, Udacity, FutureLearn, iversity зэрэг платформ дээр хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвараа хайж олоорой. Хөл хорионд байх энэ үеэ боломж хэмээн харж, өөрийн ур чадварыг сайжруулснаар COVID-19-ийн дараах ажлын талбарт аль хэдийн бэлтгэгдчихсэн гарах болно.
Эх сурвалж: Forbes