Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна
Дэлхийн гадаргуу дээрх хэнбугайд ч арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс, хөрөнгө мөнгөөс үл хамааран заналхийлж буй COVID-19 нь дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг хэдийн хүчтэй донсолгоод эхэлжээ. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш ажиглагдаагүй уналт, тогтворгүй байдал бүртгэгдэх болсон нь дараагийн хямралыг дохиолж буй мэт.
Өвчний тархалтыг хяналтандаа авч эхэлсэн БНХАУ, БНСУ зэрэг улсууд байгаа хэдий ч Европын бүс нутгаар вирус хэт хурдан тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байна. Мэдээж эдийн засагчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа боловч олон улсын байгууллагуудын зарлаж буй эдийн засгийн ирээдүйн төлөв өдрөөс өдөрт муудсаар буй. Энэ нь эдийн засгийн тодорхой бус байдлыг улам бүр нэмсээр байгаа билээ.
Дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг БНХАУ нь энэ вирусээс хамгийн том хохирол авч буй. Орчин үеийн эдийн засагт “тогтвортой өсөлт”-ийн үлгэрлэх гол загвар болсон уг улс нь АНУ-тай хийж буй худалдааны дайны шокноосоо салж амжилгүй COVID-19-тэй золгосон юм. S&P байгууллагын хамгийн сүүлийн шинжилгээгээр БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2020 онд 2.7 хувь хүртэл буурах төлөвтэй байна. Угтаа бол тухайн улсын эдийн засгийн өсөлт 6-7 хувийн түвшинд тогтвортой байсаар ирсэн юм.
"Дэлхийн эдийн засаг шинэ коронавирусний цар тахлын болж учирсан хохирлын дараа харьцангуй сэргэж байгаа ч энэ үйл явц хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж удаашрах төлөвтэй байна" гэж Блүүмберг агентлагийн санал асуулгад оролцсон шинжээч мэргэжилтнүүд илэрхийллээ.
Мэргэжилтнүүд юуны түрүүнд коронавирусний вакцин гарган авахаас өмнө энэ өвөл халдварын тархалт дахин эрчимжиж магадгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн явцыг удаашруулна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг хугацаанаас нь өмнө дуусгах нь, АНУ ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Вашингтон Бээжингийн харилцаа хурцдаж болзошгүй зэрэг нөхцөл байдал эдийн засаг, санхүүгийн сэргэлтийг хойш татна гэж тодорхойлж байна. Блүүмбергийн нийтлэлд бичсэнээр өнөөдөр дэлхийн улс орнууд эдийн засгаа дэмжих хөтөлбөрт 20 орчим их наяд ам.доллар хэдийнээ зарцуулчхаад байгаа юм байна. мөн тодорхой үр дүн гарч байгааг АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсан, Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа, ХБНГУ-д аж үйлдвэрлэлийн хэмжээ өсч буй зэрэг баталж байгааг тэмдэглэсэн.
Гол нь шинжээч мэргэжилтнүүд улс орнуудын эрх баригчдыг энэ мэт хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх нь чухал байгааг онцолж байна. Брукингсийн хүрээлэн, Австралийн үндэсний их сургуулийн шинжээч Уорик Маккиббин 2025 он гэхэд Ковид 19 цар тахлаас болж дэлхийн эдийн засагт 35 их наяд ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолсон. Түүнчлэн тэрээр цар тахлаас сэргийлэх вакцин гарлаа ч дэлхий нийтэд тараах хүртэл тодорхой хугацаа шаардагдана. Харин дэлхийн хүн амын ихэнх хувь нь вакцин хамрагдсаны дараа л эдийн засгийн хор уршиг буурч эхэлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Bloomberg