Дэлхийн технологийн зах зээлд трэнд болоод буй нисдэг камер буюу дроныг бид мэддэг болсоор удаж байна. Хэдийгээр энэ технологи бидний өдөр тутмын амьдралд нэвтрээгүй ч кино урлагийнхан, цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын салбар, гэрэл зураг сонирхогчид, Онцгой байдлынхан гээд энэ технологийн шийдлийг ашигладаг албан байгууллага, хувь хүн олон болжээ.
Энэ нисдэг камернуудын ур чадвар өссөөр, хүнгүй зөөгч хаалганы цаана бараа хүргээд ирэх нь гадны улс оронд бараг хэвийн үзэгдэл болжээ. Тэгвэл бид өмнө нь зөвхөн адал явдалтай зөгнөлт кинон дээрээс хардаг байсан, нисдэг машин, нисдэг такси гэрийн гадаа, ажлын үүдэнд хүлээж зогсох нь гайхамшигтай үйл явдал гэхээс өөр юу гэх билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бидэнд боломжгүй зүйл мэт санагдаж байсан энэ технологийн шийдлийг энэ жилээс өндөр хөнжилтэй улс оронд ашиглаад эхэлжээ.
Германы нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг компани нисдэг “такси” зохион бүтээж, томоохон хот дотор зорчигчдыг 27 км хүртэл газар тээвэрлэх боломжтой болсон байна. Технологийн акулууд хоёр зорчигч суудаг, дроны технологиор ажилладаг волокоптерыг бүтээжээ. Зохион бүтээгчид нь энэ технологидоо 10 жилийн баталгаат хугацаа өгч байгаа аж. Энэ хугацаанд 100 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ хэмээн тооцоолсон байна. Волокоптер бол зөвхөн хүн тээвэрлээд зогсоогүй ачаа тээвэрлэх зориулалттай бүтээгджээ. Энэ нисдэг “такси” волокоптерыг Дубай, Сингапур, Герман зэрэг улсад ашиглахаар эрхээ аваад байна.
Мөн Дубайд энэхүү технологийг хэрэгжүүлэх боломж бий. Дэлхийн хамгийн өндөр байшин, хамгийн том их дэлгүүр, цор ганц долоон одтой зочид буудал гээд байхгүй юм үгүй болсон Дубай хот энэ зунаас өөрийгөө жолооддог, нэг хүний суудалтай нисдэг такси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Инновацийг дэмжих, инновацийн төв болох зорилго өвөртөлсөн хунтайж Мухаммед Бин Рашид Аль Мактум энэхүү төслийг санаачилжээ.
Дэлхийн засгийн газрын дээд хэмжээний чуулганы үеэр хотын Зам, тээврийн агентлагийн тэргүүн Маттар Аль Таер зорчигч тээврийн дрон үйлчилгээ нэвтрүүлэх гэж буйг мэдэгджээ. Тэрээр “Энэ дрон зүгээр нэг загвар биш. Бид Дубайд нисгэж, туршилт хийсэн” гэсэн байна. Өнгөрсөн 2016 оны CES үзэсгэлэнгийн үеэр Хятадуудын танилцуулсан EHang 184 дроныг тэд ашиглахаар төлөвлөжээ.
Лас Вегаст туршилтын нислэг хийсэн энэхүү дрон 100 хүртэлх килограмм жинтэй хүнийг суулгаад, 160 км/цагийн хурдтайгаар, нэг бүтэн цэнэгээр 50 км зай туулж чадна. Дрон таксинаас гадна 2020 онд Дэлхийн Үзэсгэлэнг зохион байгуулах гэж буй долоон Эмиратын нэг Дубайд гурван жилийн дараа давхар бүр нь 360 градус эргэдэг тэнгэр баганадсан барилга баригдах гэж байна. 2008 онд Израйл-Итали гаралтай архитектурч Девид Фишерийн санаачилсан 80 давхар өндөртэй “Динамик Цамхаг”-ийн давхар нь бүр нь бүтэн эргэж чадах юм. Бүгд тус тусдаа эргэж чадах учраас гэрийн эзэн давхрынхаа эргэлтийн хурдыг тохируулах, хүсвэл зогсоох бүх тушаалыг ердөө дуу хоолой таних системд хэлэхэд л хангалттай.
Ийм ч учраас сууц бүрийн үнэ нь 30 сая ам. доллар байх аж. Энэ мэтээр Дубай дэлхий дээрх хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн үнэтэй, хамгийн зугаатай, хамгийн хот болох зорилгоо алхам алхмаар биелүүлж байна. Харин энэ хооронд Арабын Нэгдсэн Эмиратад дэлхий дээрх гайхамшигт хот нь хангалтгүй санагдаж, 100 жилийн дараа гэхэд Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж эхэлжээ.
Эх сурвалж: Business Insider