Шиньжаанд зураг авалтаа хийсэн “Мулан” уран сайхны киног үзэхгүй байхыг уриалжээ
Хэдхэн өдрийн өмнө дэлхийд нээлтээ хийсэн "Мулан" уран сайхны киноны зарим зураг авалтыг БНХАУ-ын Шиньжаанд мужид авсантай холбоотойгоор Уолт Дисней компани хүний эрхийг хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд байна.
"Мулан" уран сайхны киноны төгсгөлд Уолт Дисней компани Шиньжаан мужийн аюулгүйн албанд тус киног бүтээхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Олон улсын Хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд БНХАУ-ын Шиньжаанд Хятадын эрх баригчид исламын шашин шүтдэг 1 сая орчим уйгурчуудын өндөр хамгаалалттай тусгай хорих байранд хүчээр хорьж байгаа нь олон тооны баримт нотолгоогоор батлагдсан талаар мэдээлсээр байгаа билээ. Тэд шашин болон үндэстний цөөнх болсон уйгурчуудыг хорьсноор Хятадын эрх баригчид хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.
БНХАУ-ын зүгээс Шиньжаанд байгаа тусгай хорих байрууд нь бүс нутгийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд шаардлагатай хэмээн мэдэгдсэн ч шашны цөөнх болсон уйгурчуудын эрхийг зөрчин, олноор нь хорьж байгаа гэдгийг үгүйсгэсээр байгаа билээ. 2018 онд БиБиСи агентлагийн эрэн сурвалжлах баг Шиньжааны цөлд тусгай хорих байрууд барьсан болохыг олж тогтоосон юм. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар уйгурчуудыг хорих явдал 2013 оны 8-р сараас эхэлсэн ба саяхнаас Хятадын эрх баригчид Шиньжаан мужийн уйгур эмэгтэйчүүдэд үрийн хоолойг нь боох, жирэмслэхээс хамгаалах суулгац суулгах ажилбаруудыг хийж байгаа нь тогтоогдсон болохыг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдээлсэн билээ.
"Мулан" уран сайхны киног 1998 онд хийгдсэн "Мулан" хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн аж. "Мулан" уран сайхны кино нээлтээ хийхээсээ өмнө мөн л багагүй шүүмжлэлд өртсөн юм. Тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхнийг баривчилж буй явдлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөний төлөөлөгч Жошуа Вонг Уолт Дисней компанийг буруушааж буйгаа илэрхийлсэн ба "Мулан" УСК-г үзэж буй хүмүүс өөрсдийгөө уйгурчуудын үй олноор хорьж буй явдалд буруутай гэж үзэж болно хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC