Амьдрал анх Дэлхий дээр бус Ангараг гариг дээр үүссэн гэв үү?
Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсны дараа амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солирын чулуугаар дамжин дэлхий рүү тархсан байх бололцоотой гэх таамаглал байдаг бөгөөд үүнийг "Панспермиа" гэж нэрлэдэг. (Панспермиа нь грекээр "бүх зүйлийн үр" гэсэн утгатай)
Тэгвэл яг адилхан зарчмаар дэлхий дээрх амьдрал ангараг руу мѳн тархсан байх бололцоотой тухай таамаг саяхан гарч иржээ. АНУ-ын хэсэг судлаачид ѳнгѳрѳгч 3.5 тэрбум жилийн турш дэлхийг бѳмбѳгдсѳн томоохон солируудын үр дүнд сансарт цацагдсан хангалттай том хэмжээтэй чулуулгуудын хѳдѳлгѳѳн, хувьслыг тооцоолсон бѳгѳѳд үр дүнд нь ангараг гариг, бархасбадийн дагуул Европа, мѳн санчирын дагуул Титан руу дэлхийгээс амьдрал тээн гарсан чулуунууд цөөнгүй очсон гэж гарсан гэнэ.
Эрт цагт ангараг гариг маань одоогийнхоос шал ѳѳр, амьдрал оршин тогтноход хамаагүй илүү тохиромжтой байсан гэдгийг бид мэднэ. Агаар мандал нь илүү зузаан, гадарга нь илүү дулаахан, мѳн гадарга дээрээ нуур голтой байсан гэдгийг илтгэх маш олон баримт хэмжилтүүд цуглуулагдсаар байгаа. Бархасбадийн дагуул Европагийн хувьд түүний мѳсѳн давхаргын доор нь аварга том далай бий гэх үндэслэл хэмжилтүүд олон бий. Санчирын дагуул Титан бол манай дэлхий олон тэрбум жилийн ѳмнѳ ямархуу байсантай маш тѳстэй агаар мандал болон гардагтай. Тэгэхээр ийм газруудыг дотроо амьд организмыг тээн яваа солир чулуу очиж мѳргѳн амьдралын үндэс суурийг тараах нь үнэхээр бололцоотой зүйл байж мэднэ.
Дэлхийг том хэмжээний солир мѳргѳхѳд сансарт их хэмжээний чулуу чулуулаг цацагдана. Ихэнх нь дэлхий рүү эргээд унаж зарим хэсэг нь цаашаа задгай сансарт шидэгдэнэ. Сансарт шидэгдсэн хэдийн багагүй хэсэг яваандаа нэг бол наранд залгигдаад эсвэл нарны аймгаас үүрд шидэгдээд дуусна.
Гэвч дээрх тооцооллоор 3.5 тэрбум жилийн дотор багагүй хэмжээний чулуулгууд нь манай нарны аймгийн биетүүд, тэр дундаа дээр дурьдсан амьдралыг тэтгэн бойжуулах бололцоотой газруудад нарны аймгаас шидэгдэх замдаа эсвэл нарыг тойрон эргэх замдаа очно гэдгийг харуулсан байна.
Мэдээж сансарт шидэгдсэн чулуулаг болгон дотроо амьд организм агуулахгүй ба дотроо амьд организм агууллаа ч гэсэн тэдгээр нь бүгд удаан хугацаанд сансрын нѳхцѳлд амьд байж чадахгүй. Гэхдээ бид дэлхий дээр маш хүнд нѳхцѳлд маш удаан амьд байж чадах олон янзын организмуудыг мэднэ, мѳн энгийн барагцааллаар 3 метр орчим хэмжээтэй солирын дотор оршиж буй амьд организмууд олон сая жилийн турш нарны цацаргалтаас маш сайн хамгаалагдсан байна гэдгийг мэднэ.
Судлаачдын хийсэн дээрх тооцооллын гол харуулж байгаа зүйл нь, тэр олон сансарт шидэгдсэн чулуулгуудаас 3 метр болон түүнээс том хэмжээтэй хэд хэдэн солирууд манай нарны аймгийн сонирхолтой биетүүдийг мѳргѳх бололцоотойг харуулж байгаа юм. Энэ нь мэдээж амьдрал дэлхийгээс эхлээд ѳѳр газар луу очсон, эсвэл ѳѳр газраас дэлхий дээр ирсэн, эсвэл нарны аймаг дотор зѳвхѳн дэлхий дээр байсан гэх мэтийн яг аль нь вэ гэдгийн талаар юу ч хэлэхгүй. Гол нь харьцангуй энгийн тооцоолол хийхэд нэг биетээс нѳгѳѳ биет рүү амьдрал тархах боломжтой гэж гарж байгаа нь цаашдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй, илүү нарийн тооцоолол хийх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм.
Эх сурвалж: BBC