Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний мөхлийн шалтгаан болох уу?
Роботууд хүн төрөлхтний эсрэг босно! Өөрөө хөдлөгч, сэтгэн бодох чадвартай төмөр бидний оронд дэлхийг удирдах болно. Хэдэн арван жилийн турш хүн төрөлхтний мөхлийн шалтгаан хиймэл оюун ухаан байх болно гэж олон хүмүүс анхааруулсаар иржээ.
Зөвхөн Холливудын зөгнөлд ч биш шинжлэх ухаан, филосифийн салбарт тэргүүлэх эрдэмтэд хүртэл энэ төсөөллийг биелэх боломжтой гэж үздэг. Жишээ нь зохион бүтээгч Рей Курцвелл “Хиймэл оюун ухаан биднийг технологийн асар өндөр хөгжилд хөтөлж очоод бидний дээр гармагцаа хүний оюун ухааныг үгүй хийх болно” гэж бичжээ.
Тэгвэл зарим эрдэмтэд дэлхийн төгсгөл гэж биш харин ч олон сайн талтай гэж үздэг. Тэдний дунд Ник Бостромын төсөөлж байгаагаар Төгс оюун ухааны ачаар хүн төрөлхтөн хорт хавдар, дэлхийн дулаарал, байгалийн гамшигийг шийдээд зогсохгүй, өөрсдийгөө ч асар өндөр хөгжилд хүргэх боломжтой гэжээ. Хар нүхний онолоороо дэлхийг байлдан дагуулсан нэрт онолын физикч Стивен Хокинг энэ долоо хоногт ББС-д өгсөн ярилцлагадаа хиймэл оюун ухааны харанхуй талыг онцолсон байв.
Тэрээр “Хиймэл оюун ухааныг бүрэн хөгжүүлнэ гэдэг хүн төрөлхтөн өөрсдийнхөө хойдхыг уншиж байгаа хэрэг болно” гэжээ. Түүний гол үзэл нь Хиймэл оюун ухаантай хүн төрөлхтөн өөрсдөө тэмцэж хүчрэхгүй явдал юм. Гэтэл энэ үзэл үнэхээр байх боломжтой гэж үү? Нэгэнт л хиймэл оюун ухаан чинээндээ тулаагүй, роботууд хэрэглээнд тэгтэл их нэвтрээгүй байгаа одоо цагт ирээдүйд юу хамгийн их хор хохирол учруулах тухай арай бодитой санаа дэвшүүлье.
Бидний бүтээж байгаа Интернетээр холбогдсон ертөнцөд одоо хувийн нууц хадгалах орон зай үлдсэн гэж үү? Техник технологиор айл өрхийн байтугай, зарим хөгжиж байгаа орнуудын засгийн газраас ч илүү дэвшилтэд хүрсэн Sony Pictures саяхан хакеруудын дайралтад өртөж, хамаг байдгаа алдсан.
Ийм байхад хэний нууц “нууц” хэвээр үлдэж чадах вэ? Эсвэл мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн төрөлхтөн тун удахгүй маш ихээр сэтгэлийн дарамтад орж, амиа хорлолт нэмэгдвэл яах вэ? "Google", "Facebook", "Apple" мэтийн технологийн аваргууд дэлхийн цахим ертөнцийг эзлэн авбал юу болох вэ?
Аливаа зүйлсийг автоматчилах үйл явц хурдацтай явагдсаар хэдхэн жилийн дараа ажилгүйдэл газар авч, дэлхийн эдийн засаг хямарвал яах вэ? Хөдөлгөөнт төхөөрөмжүүд байгаль орчиныг сүйрүүлсээр туйлдаа хүрвэл яах вэ? Эдгээр асуултын хариулт нь тун энгийн “Хүн төрөлхтний мөхөл ирнэ”. Тэгээд ч эднийг зүгээр нэг хэн нэгэн сууж байгаад бичсэн таамаг төдий зүйлс ч биш.
Одоогийн хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологид үндэслэн, хэтийн төлөвийг нь урьдчилан таамагласан шинжлэх ухааны үндэстэй таамаг юм. Тиймээс робот, хиймэл оюун ухаан гэхийн оронд бидний дунд оршиж байгаа шинээр цэцэглэн хөгжиж буй нийгмийг ямар аюул заналд хүргэхийг ойлгож мэдэх нь чухал билээ.
Дүгнэлт:
Гэхдээ нэг зүйлийг сануулахад бидний өвөг эцэг хэзээ ч ирээдүйг сүйрлийн бэлгэдэл гэж үзэж байсангүй. Харин тэд ирээдүйг гэрэлтэйгээр, илүү сайхнаар төсөөлдөг байлаа. Нисдэг машин, хүн бүр аз жаргалтай, ямар ч асуудалгүй, магадгүй бүр үхдэггүй, өтөлдөггүй, зөвхөн дэлхий дээрээ ч биш огторгуйн уудмыг нээж илрүүлэн, тэндээ тархан суурьшина гэж төсөөлдөг байлаа. Гэтэл 20 дугаар зуун гарсаар хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл яригддаг асуудал “Мөхөл” гэгч болжээ.
Мөхлийн тухай бид ном зохиол бичиж, мөхлийн тухай бид уран сайхны кино бүтээж, мөхлийн тухай л ярьдаг болсон. Магадгүй технологийн хурдацтай хөгжил хэнд хэрэгтэй гэж, яг одоо таны ашиглаж байгаа гар утас, хэрэглэж байгаа компьютер, унаж байгаа машин хангалттай түвшинд хүрээгүй гэж үү? Хэрвээ хүрсэн гэж үзвэл зогсоох цаг нь болсон юм биш үү? Өөр зүйлд толгойгоо гашилгацгаая л даа. Хүсвэл та интернетээс ирээдүйн зөгнөл гээд хайгаад үзээрэй ихэнх нь хар барааныг харуулсан байх вий.
Эх сурвалж: CNN