Одон орончид дэлхийтэй хамгийн ойр хар нүхийг илрүүлжээ
Европ, Америкийн одон орон судлаачид “Telescopium” буюу "Огторгуйн цөөрөм" одны ордын “HR6819” хэмээх аварга том одыг судлах явцдаа дэлхийд хамгийн ойр орших хар нүхийг олж илрүүлжээ. Эрдэмтэд энэхүү нээлтийнхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Astronomy & Astrophysics” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
“Энэхүү одны систем нь хар нүхийг энгийн нүдээр харж болох сансрын анхны цэг гэдгийг бид мэдээд маш их гайхсан. Энэ бол дэлхийд хамгийн ойр орших хар нүх юм” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Чехийн Шинжлэх ухааны академийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Петр Гадрава ярьжээ.
Эрдэмтэд массаараа хоорондоо ялгаатай хар нүхнүүдийг хоёр ангилдаг байна. Хэт их масстай хар нүхнүүд галактикийнхаа төвд оршдог бөгөөд Нарнаас сая дахин түүгээр барахгүй тэрбум дахин их масстай байдаг ажээ. Одны масстай гэж нэрлэдэг харьцангуй жижиг хар нүхнүүд оддын таталцлын нуралтын улмаас үүсэн бий болдог байна.
Тэнгэрийн ийм биетүүдийг дэлхийгээс хол биш зайтай байсан ч гэсэн ажиглахад маш хэцүү байдаг аж. Яагаад гэвэл тэд ихэнх нь Орчлонт ертөнцийн хамгийн тод гэрлийн эх үүсвэрүүд болох хэт их масстай хар нүхнүүдээс ялгаатай нь хол оддыг өөртөө татдаггүй, бараг юу ч ялгаруулдаггүй байна.
Тиймээс одон орон судлаачид хэрэв дэргэд нь материйг нь байнга “хулгайлдаг” дор хаяж нэг од байгаа үед одны масстай хар нүхийг олж илрүүлдэг ажээ.
Үл үзэгдэх хүнд жин
Гадрава болон түүний хамтран зүтгэгчид урьд өмнө өөрийгөө хэзээ ч “харуулж байгаагүй”, дэлхийд хамгийн ойрхон орших хар нүхийг маш санамсаргүй нээжээ. Тэд дэлхийгээс мянга орчим гэрлийн жилийн зайтай оршдог "Огторгуйн цөөрөм" одны ордын “HR6819” одыг судалсан байна. Эрдэмтэд урьд нь энэхүү одыг цөм дотор нь явагддаг янз бүрийн процессын нөлөөн дор хурц тод байдал нь үе үе өөрчлөгдөж байдаг маш том, залуу од гэж үздэг байжээ.
Харин одон орон судлаачид хоорондоо тийм ч хол биш зайтай эргэдэг харьцангуй жижиг хэмжээтэй хос цэнхэр одноос бүрддэг учраас энэ одны хурц тод байдал нь хэлбэлздэг гэх таамгийг саяхнаас дэвшүүлж эхэлсэн байна. Таамаглалаа шалгахын тулд эрдэмтэд Чилийн Атакам цөл дэх Европын одон орон судлалын “ESO” төвийн огторгуй дуран авайг ашиглажээ.
“HR6819”-ийн гэрэл, хэлбэрийн өөрчлөлтийг удаан ажигласны эцэст энэхүү одны систем нь хоёр биш гурван объектоос бүрддэг болохыг тогтоосон байна. Тэдгээрийн хоёр нь зурган дээр тод харагдаж байсан бол оддын нэг нь тойрон эргэж байсан гурав дахь биет нь цахилгаан соронзон спектрийн бүх хэсэгт харагдахгүй байжээ. Энэ биетийн масс нь нарныхаас дөрөв дахин их байсан учир одон орон судлаачид хар нүх гэж үзсэн байна.
Үүнээс гадна, энэхүү нээлт нь одоогоор дээрхтэй адил төстэй одны системд оршдог, хамгийн хүнд хар нүх нь "Хамтатгахын" ордны оддын масстай “LB-1” хар нүх гэдгийг харуулжээ.
Нөгөө талаар “HR6819” систем нь “LB-1”-тэй харьцуулахад дэлхийд долоо дахин ойр зайтай оршдог ажээ. Дэлхийд хамгийн ойр байгаа хар нүхийг цаашид ажиглаж судалснаар илүү хол зайд оршин буй ийм үл үзэгдэх биетүүдийг хэрхэн яаж олж илрүүлэх аргыг олж мэдэхэд тус дөхөм болно гэж эрдэмтэд найдаж байна.
Эх сурвалж: Sceince Daily