Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...
9 сар гараад хүн бүр замын түгжрэлийн зовлонг эдэлж байх шиг. УБ хотын ажил эрхэлдэг, унаагаар явдаг хүний тоог 200.000 гэж үзээд ирэх буцах 2 цаг түгжрэлийг дундаж цалингаар үржүүлвэл 2.5 тэрбум төгрөг болно. Хотоор хөлхөх 250,000 машин 2 цаг нормалдахад 750 сая төгрөг шатаана. Өөрөөр хэлбэл бид өдөр тутам 300 ортой 1 цэцэрлэг, эсвэл 1 сургууль барих мөнгийг алдаж байна. Дээр нь мөнгөөр илэрхийлэх аргагүй стресс, ядралыг бид мэдэрч байгаа.
Асуудлын учир шалтгаан, гарах гарцыг нийтээрээ хэлэлцэж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол УБ хот 0 зогсолт хийхэд ойрхон байна. Хотын үе үеийн удирдлагууд номерын хязгаарлалт, урсгал хөдөлгөөн өөрчлөх, зүүн эргэлтийг хаах, өглөө оройд цагдаа шүгэлдүүлэх мэтээр аргацаасан, холын бодолгүй байдлаар энэ хүртэл яваад нөөцөө шавхаж дууслаа. Хандлага нь буруу, хүндээ биш машинд ээлтэй хот болгож байгаа тул сайн сайхан, зөв шийдвэр гарахгүй бололтой байна. Түгжрэлийн шалтгаан, түүнийг давах шийдлүүдийн саналаа хүргэе.
1. Хот төлөвлөлт буруу. Хотын төвд байсан өчүүхэн зай талбай, ногоон байгууламж, орц гарц болгоныг устгаж, барилгажуулсан. 1980-аад онд хийсэн хотын төлөвлөлтийг эвдэж, барилга барих зөвшөөрөл олгосон үе үеийн дарга нарт хариуцлага тооцмоор. Нэгэнт төлөвлөлтөөс хэтэрсэн барилга нэмэгдэж байгаа тул түүнд тохирсон дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам татаж, өргөтгөх нь ойлгомжтой. Жил бүр хийснээ сүйтгэн шугам сүлжээний нүх ухдагын шалтгааныг одоо ойлгов уу.
Сайхан цэлгэр талбайтай байрны бөөрөнд дахин нэг өндөр байшин босгоход байрны үнэ цэнэ буурах нь ойлгомжтой. Бас дээр нь сургууль цэцэрлэг хүрэлцээгүй болж сугалаанд азаа үзэх хэрэг гарна. Зүй нь шинэ суурьшлын бүсд орон сууцны талбайг дуудлага худалдаагаар зарж, орлогоор нь зам, дэд бүтэц, сургууль цэцэрлэгээ шийддэг бол хүн амьдрах тухтай орчин үүснэ. Яагаад ийм шийдэл нэвтрүүлдэггүйг үе үеийн хотын мээр, ерөнхий архитектор, газрын албаны дарга нар тайлбарлах биз. Одоо хотын төвдөө барилга нэмж бариулахыг зогсоомоор байна.
2. Зам барих хурд машины импортоо гүйцэхгүй байна. Бид жилд 69,000 суудлын машиныг 507 сая доллараар худалдан авдаг бол УБ хотод 93 тэрбумаар зам тавьж, 26 тэрбумаар засвар, арчлалт хийдэг. Орж ирсэн суудлын машины 65,000 нь Японоос ирсэн, 10 жил болсон, буруу талдаа рультэй!! Дундаж үнэ 5,000 доллар. Энд ямар нэг төрийн бодлого хайгаад олоорой. Машины импортын татварыг 100 хувь болгоод, замын татвараа 500,000₮ болгоод орсон мөнгөөр нь автозамын сүлжээ, нийтийн тээврээ шинэчлэх цаг болжээ. Ард түмэн ядуу байна гэдэг үгээ л битгий хэлээрэй дээ. Нийтийн тээвэр хөгжвөл заавал машинтай явах шаардлагагүй.
Хотын төвөөр машин унах нь өндөр зардалтай, тансаг хэрэглээ болгох нь зөв. Хотын ерөнхий төлөвлөгөө 2030 гэж баталсан, 2017 оноос метрогоор зорчих сураг байсан. Тэр нь хэрэгжиж байгааг сайн мэдэхгүй. Асуудлыг зөв бодож төлөвлөж шийдэхгүй бол түгжрэл буурахгүй, 100 тэрбумын үнэтэй зогсоол болдгийг ЗЦГ-ын гүүрэн гарам бидэнд харуулаад жил ч болоогүй байна. Ер нь бид хотоо тэлэх, замын сүлжээгээ нэмэгдүүлэх талаар бодохгүй бол байгаа хэдэн замаа жил бүр өргөтгөн шинэчлэх явуургүй бодлогоор хол явахгүй. Огт замгүй гэр хороолол дундуур тууш зам тавьж, хотыг гадуур нь бүтэн тойрдог Том их тойруу хийвэл хот тэлж хөгжинө. Трасст орсон айлууд нөхөн төлбөр авч, амьдралаа дээшлүүлж орон сууцанд орвол сайн.
3. Хүндээ биш машинд ээлтэй хот болсон. Өглөө орой уулзвар болгон дээр цагдаа шүгэлдээд машинаа зогсолтгүй тууш явуулахыг та нар харна. Уулзвар дээр машин саатахгүй бол дүрэм зөрчих, давхар эргэхийг тоохоо байсан. Явган хүнийг явуулахгүй. Дарга нарын замыг чөлөөлж, сааталгүй ордон хүргэх гэж тэгдэг юм. Явган замыг яг голлоод ТҮЦ-нүүд таглаастай. Эсвэл машины зогсоол дундуур сүлжих хэрэг гарна. Замын хашлага бүгд өндөр, приуснууд хашлага давуулахгүй гэж тэгдэг юм бол уу? Дугуйтай тэр дундуур гарах нь бартаат замын сорил гэлтэй. Уг нь УБ цомхон хот тул явган хүн, дугуйн замаа засчихвал хотын төв 30 минут алхах тойрогт багтна.
Эрүүл мэндэд ч тустай баймаар. Гэтэл хүүхдээ дагуулаад, тэргэнд суулгаад явах, дугуйтай жийхэд тун хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийм учраас гадуур гарч, хөдөлмөр эрхэлж чаддаггүй байх. Байгаа хэдэн замаа жил бүр өргөтгөн шинэчилсээр ногоон байгууламж танагдаж дууслаа, хөгшин настай, хүүхэд, ХБИ зам хөндлөн гарч чадахаа байлаа. Ногоон гэрлээр залуу хүн хурдан алхаж л гарч амжихаар богинохон асдаг. Ийм байхад явган явах хүн багасч, машины тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Хотыг бүсчилсэн хэсэгт хувааж Их Бага тойрууд машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн нийтийн тээвэр үйлчилж, явганаар явах, амарч тухлах талбайг чөлөөлж өгвөл хүмүүс машинаар явахгүй алхах нь нэмэгдэнэ.
Тоо баримт: ГЕГ, СЯ, Нийслэлийн ЗДТГ, 1212.mn сайтнаас
Ц.Лут-Очир