Америкийн 500 гаруй цэрэг Беларусын хилийн ойролцоо сургуулилалт хийж байна
Улс төрийн тогтворгүй байдалтай байгаа Беларус улстай хиллэдэг, НАТО-ын гишүүн Литва улс руу АНУ-ын арми 500 гаруй цэргээ сургуулилалт хийлгэхээр илгээжээ. Гэхдээ энэ нь хөрш оронд нь сонгууль болсны дараа үргэлжилж буй үйл явдалтай огтхон ч хамаагүй болохыг Литвийн болон Америкийн засгийн газрын төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Түүнчлэн хэдэн арван "Abrams" загварын танкийг Бямба гарагт Польшоос төмөр замаар Литва улс руу тээвэрлэжээ.
Энэхүү байлдааны дадлага сургуулилалт нь арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд удаан хугацааны өмнөөс төлөвлөгдсөн байсныг Литвийн батлан хамгаалахын сайд өгүүлжээ.
Өнгөрсөн сард болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар 26 жил тус улсыг удирдаж буй Александр Лукашенко ялалт байгуулсны дараа сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская Литва руу дүрвэсэн юм.
Үүний дараа сонгуулийг луйвардсан, иргэдийн тэмцлийг нухчин дарсан шалтгаанаар Балтийн тэнгисийн 3 орон Лукашенко тэргүүтэй албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулсан юм.