Ирээдүйд хиймэл оюун хүн төрөлхтнийг орлох уу?
AI буюу хиймэл оюун ухааныг хэтрүүлж үнэлээд байна гэсэн бодол мэдээлэл их авдаг хүмүүсийн адил надад ч бас төрдөг. Хүний тархины бүтээлчээр сэтгэх, зөн совин татах, санаа оноо төрөх, тэр ч байтугай мухар сохроор таах чадварыг цахим технологиор дуурайлгах аргагүй юм биш үү? Гэтэл хиймэл оюун ухаанд гутранги хандагсад өөрсдөө хүний тархийг хэтрүүлж үнэлдэг юм биш биз?
Сансар судлал, зайн эмчилгээг засгийн газар дэмжих нь зүйтэй эсэхийг хүмүүн мэтгэлцэгчтэй мэтгэлцэж байр сууриа хамгаалдаг программыг IBM компани сонирхууллаа. Сан Францискод зохион байгуулсан арга хэмжээн дээр IBM-ын Debater системийн дэвшүүлсэн үндэслэлүүд нь тус компаниас хиймэл оюунд оруулж өгсөн “олон зуун сая” баримт материал бүхий өгөгдлийн сангаас гарчээ. Хувь хүний үзэл бодол нь тодорхой “өгөгдлийн сан”-гаас гаралтай.
Бидний сэтгэлгээний ихэнх нь эцэг эх, багш, ном, анд нөхөр, хүндтэй эксперт, мэдээллийн хэрэгслээс гаралтай үзэл бодол, мэдээллийн холимог байдаг. Тэгэхлээр бүтээлч байдал нь ердөө сэтгэл хөдлөлөөс улбаатай зан талав, нэг хүний шинжийг бусдынхтай харьцуулахад илэрдэг арга техник төдий юм биш үү?
Хүмүүсийг робот орлож чадахгүй гэх нь “ус бол нойтон, эх хүн охиноосоо хөгшин” гэдэг шиг хэвшмэл ойлголт хэмээн онолын физикч Мичио Каку 1990-ээд оны эцсээр дүгнэжээ.“Тооцооллын ухааны үүднээс авч үзвэл таван настай хүүхдийн тархи энгийн мэдээллийн 100 сая шугамтай”-г ноён Каку тайлбарлав.
Өнөөдөр компьютер машин программчлалын 100 сая шугамаар мэдээлэл боловсруулж, энгийн шийдвэр гаргах нь шинжлэх ухааны зөгнөл байхаа нэгэнт больсон. Код гүйцэтгэлийн 50 сая шугамтай Windows 10 үйлдлийн систем 250 ам.долларын хямд компьютер дээр ч ажиллана. Тэгвэл Debater-ын өгөгдлийн сан хэдэн зуун сая баримт материалаас бүрддэгийг IBM онцлон дурдаж байна. Компьютерийн тооцоолох чадал хоёр жил тутамд хоёр дахин өснө хэмээн аль 50 жилийн өмнө Intel-ийг үндэслэгч гордон Мүүр таамагласан нь түүхэнд “Муурийн хууль” нэрээр алдаршсан.
Гэтэл өнөөгийн компьютерийн тооцоолох чадлын өсөлт уг таамгийг ч давж гарлаа. Хүмүүний асар нарийн чадвар болох хошигнолыг хүртэл машинууд эзэмшиж болзошгүй. “Орон зайд хөдөлж, орчноосоо суралцаж, өөрийгөө ойлгож мэдэрдэг хязгаарлагдмал оюуныг бид ирэх 30 жилд бараг бүтээчихнэ” хэмээн Intel-ийн AI хариуцсан тэргүүн Навин Рао мэдэгдсэн юм. Бид л тархиа хэт үнэлцгээгээд байгаа юм биш үү гэсэн асуулт тавихад ноён Рао хэдэн секунд бодлогоширсноо “тийм шүү” хэмээн хариулсан байдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Science Daily