Хиймэл оюун дэлхийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүний сэтгэхүй, оюун ухааныг компьютерийн программаар дуурайлган бүтээж, хүнтэй ижил түвшинд аваачин хөгжүүлэхийг хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence /AI/ гэдэг. Математикч Алан Тюрин “Машинууд бодож чадах уу?” гэсэн энгийн асуултыг хүн төрөлхтний өмнө дэвшүүлэн тавьснаар дэлхийн хөгжлийг хурдасгаж, түүхийг өөрчилсөн гэдэг. 1950 онд Тюриний хийсэн “Тооцоолох машин ба оюун ухаан” бүтээл болон судалгаанууд нь хиймэл оюун ухааны үндсийг тавьжээ. Хиймэл оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлдэг программ хангамжийн төгс хувилбар бөгөөд ирээдүйд хүний сэтгэхүйгээс ч давж гарах нь тодорхой болчихоод байгаа билээ.
Хиймэл оюун ухаан гэхээр хамгийн түрүүнд робот санаанд тань орж байгаа байх. Шинжлэх ухааны уран зөгнөл бидэнд хиймэл оюун ухааныг хүн шиг бүтэцтэй төгс роботоор дүрсэлдэг боловч энэ нь Google-ийн хайлтаас авахуулаад цөмийн зэвсэг хүртэлх зүйлсийг багтаасан нэлээд өргөн хэмжээний шинжлэх ухаан юм. Яг өнөөдрийн байдлаар бол хиймэл оюун ухааныг хүний царай таних, хайлт хийх, тэгшитгэлийн хариуг олох, машин жолоодох гэх мэт жижиг даалгавруудыг гүйцэтгэхэд ашиглаж байгаа ч судлаачид яваандаа ерөнхий хиймэл оюун ухаан болгон хөгжүүлэх зорилготой. Ерөнхий хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа энэхүү салбарыг бүрэн хөгжүүлж чадвал танин мэдэхүйн бүх ажилд хүнээс илүү сэтгэж, илүү хөгжинө гэсэн үг.
Хэрвээ хүнээс илүү ухаантай “зүйл” бий болбол дайн дажин, өвчин зовлон, ядуурал үгүй болж, дэлхийд энх тайван тогтоно хэмээн хөгжүүлэгч, судлаачдын нэг хэсэг үздэг бол нөгөө хэсэг нь хэрвээ энэ хүчирхэг зүйлээ хүн төрөлхтний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн, хязгаартайгаар ашиглаж, сайтар хянаж удирдахгүй бол энэ судалгаа бидний хамгийн сүүлийн ажил байх болно гэж болгоомжилдог юм билээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хиймэл оюун ухааныг хүнээс илүү ухаантай болгож хөгжүүлбэл эргээд өөрсдөө удирдаж чадахгүйд хүрнэ гэсэн айдас бөгөөд хүчтэй хиймэл оюуныг бий болгохын оронд хэт мэдрэг хиймэл оюуныг хөгжүүлэх нь арай эрсдэл багатай, удирдаж ажиллуулахад ч хялбар хэмээн мэтгэлцсээр байна.
Ихэнх судлаачид хэт хөгжсөн, өөрөөр хэлбэл хүнээс давсан хиймэл оюун ухааныг хүний байгалиас заяасан мэдрэмжүүд болох хайр, энэрэл, үзэн ядалт, гэх мэт сэтгэл хөдлөлийг үзүүлэх чадваргүй байх болно гэж үздэг. Мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд хэрхэн хор учруулж болохыг авч үзээд хамгийн их магадлалтай хоёр хувилбар дээр санал нэгджээ.
Эдгээр нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан нь ямар нэг хор хөнөөлтэй зүйл хийхээр программчлагдах, хоёрдугаарт, сайн сайхан зүйл хийхээр программчлагдах. Эхний хувилбарын хамгийн сайн жишээ бол автомат зэвсэг. Хэрвээ алан хядагчдын гарт эдгээр автомат болон цөмийн зэвсгүүд орчихвол кинон дээр гардаг шиг аймшигтай зүйлс дэлхийд болох нь тодорхой. Ухаалаг зэвсгүүд нь мэдээж маш өндөр нууцлалтай, дайснаасаа хамгаалагдсан байх тул унтраах товчийг олоход хэцүү байх болно. Тиймээс маш олон хүний амь нас эрсдэх аюултай, ер нь юу болохыг хэн ч төсөөлж чадахгүй.
Харин хоёрдугаар хувилбар уг нь сайхан сонсогдож байгаа боловч бас л сөрөг талтай, маш өндөр эрсдэлтэй гэнэ. Учир нь комманд авсан “зүйл” маань даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэнэ. Жишээ нь, та нисэх онгоцны буудал руу хамгийн хурднаараа хүргэж өг гэдэг даалгаврыг жолоочгүй машиндаа өглөө гэхэд замдаа таарсан юуг ч дайраад л өнгөрч магадгүй. Тэдэнд эзний өгсөн даалгаврыг л биелүүлэх нь чухал болохоос замд ямар машинтай мөргөлдөх, донслох, түгжрэл үүсгэх энэ тэр бол ер хамаагүй шүү дээ. Мөн дээрээс нь хэт ухаалаг машинууд байгаль экологид ямар их хор нөлөө үзүүлэхийг төсөөлөхөөр хүний амь нас ярих нь наад захын асуудал болж байна.
Гэхдээ ийм айдсаас болж энэ гайхалтай нээлтийг үгүйсгэж, соёл иргэншлийн тэсрэлтээс ухарна гэдэг харин ч ухаангүй үйлдэл гэж үзэх хүмүүс байна. Үүнийг энгийнээр зүйрлэвэл усан цахилгаан станцын ногоон төсөл хариуцаж байгаа хүн шоргоолжнуудыг живэхээс айгаад төслөө цуцалж байна гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан нь ямар ч хүнээс илүү болох чадвартай тул хэрхэн зөв ажиллахаа одоохондоо бүрэн гүйцэд мэдчихсэн юмгүй, гэсэн хэдий ч өөрсдийн эрх ашигт нийцсэн л зүйл бүтээх нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн туйлын зорилго нь. Хүмүүс бид дэлхийг захирч байна. Бид хамгийн хүчтэй, хамгийн том нь биш ч хамгийн ухаантай амьтад. Гэтэл өөрсдийн ухаанаас илүүг бүтээчихвэл цаашид хэрхэх талаар бүдэг бадаг л ойлголттой амьдарч байгаа гэхэд болно. Санаатай, санамсаргүй янз бүрийн л аргаар хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлэх нь дамжиггүй. Гэвч хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны хөгжилд саад болохгүй, харин үүнийг эрсдэлгүй удирдаж сурахуйд л анхаарах нь гол ажил болоод байгаа юм.
Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр дэлхийд өөр юу юу болох вэ, хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр дахиад жаахан ярилцъя. Ямартаа ч технологи тултал хөгжиж, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хиймэл оюун ухаанаар удирдана гэж байгаа. Шинэ нээлтүүдийг бүгдийг нь “тэр зүйл” хийж, соёл иргэншлийг бүтээж, түүхийг бичих болно. Хэдэн мянган, магадгүй хэдэн зууны дараа хүмүүс хүссэн зүйлээ ганцхан товч дараад л хэвлэж авдаг болно гээд байгаа. Унахыг хүссэн машинаа, идэхийг хүссэн хоолоо магадгүй байгалийг, хүнийг ч хэвлээд хажуудаа бүтээчих нь байна. Аж үйлдвэржилт үгүй болж, хүнд хийх юм бараг л үлдэхгүй.
Эртний нийгэмд нээлт хийсэн, гайхалтай бүтээл туурвисан хүмүүсийг сод ухаантнууд, гоц авьяастнууд гэж нэрлэдэг байсан бол шинэ нийгэмд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг болон судалдаг хүмүүс, шинжлэх ухааны ажилчид нийгмийн хамгийн дээд давхаргад заларч, ерөнхийдөө тэд дэлхийг захирна гэсэн үг. Хүмүүсийн цөөн хэдэн хувь нь AI (хиймэл оюун ухааны) салбарт ажиллан, харин одоогийн бидний хийдэг ажлууд түрэгдэн алга болно. Үйлдвэржилт байхгүй болчихоор хүнд хийх юм олдохгүй. Гэхдээ барилга, уул уурхайн салбар төдийлөн өөрчлөгдөхгүй.
Роботууд барилга барьж, уурхайд өрөмдлөг хийхгүй ч инженерчлэл хийнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүний мэдрэмжинд тулгуурласан мэргэжил, урлагийн салбар улам цэцэглэн хөгжих нигууртай. Сайхан дуу сонсож, сайхан ном уншиж, дуурь үзэж, галерейгээр зочлох нь техник технологийн цахим эринд амьдарч буй хүмүүст хамгийн хэрэгтэй эм болох нь дамжиггүй. Нэг төрлийн амсхийлт болох тул энэ төрлийн мэргэжлүүд тийм ч хурдан алга болчихгүй гэнэлээ. Ер нь ч бодоод үзэхэд хүмүүс бид байгалийн зөнг сэргээдэг, хүнийг хүнээр нь байлгадаг урлагаас ангид орших гэдэг хэцүү.
Цаашлаад хүн төрөлхтний үржил ч багасч, дэлхийн хүн ам цөөрнө гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж буй.
Эх сурвалж: Science Daily