Манай нарны аймгийн 10 дахь "гариг" - Макимаки
Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна.
Жишээ нь миний ажиглаж байгаагаар ихэнх хүмүүс манай нарны аймаг гэхээр хэдэн гаригуудаараа шууд төсөөлдөг ба нарны аймгийн хэмжээ хязгаарыг хамгийн захын гаригийн тойрог замаар ойлгодог. Гэвч бид өнөөдрийн байдлаар нарны аймгийн зах хязгаар нь хаагуур яаж тодорхойлогддог, дотор нь ямар ямар төрлийн биетүүд ямар тархалттайгаар байрладаг, тэдгээр нь хаанаас яаж ямар замаар хувьсаж өөрчлөгдөж яваад өнөөдрийн байдалд хүрсэн тухай маш ерөнхий бүдүүвч зургийг л гадарлана уу гэхээс биш нарийн ширийнийх нь талаар бараг юу ч мэдэхгүй гэхэд болно. Ялангуяа далайн ван гаригаас цааших нарны аймгийн хэсгийн талаар ер нь л нилээн муу ойлголттой.
Макимаки нь бидний өнөөдрийн мэдэж буй далайн вангаас цааш орших хамгийн том биетүүдийн нэг нь. Койперын бүсэд орших уг биет нь хэмжээгээрээ дэлхийн ван одой гаригаас (хуучин нарны аймгийн 9 дэхь гариг байсан) арай жаахан жижиг бөгөөд нарыг дэлхий вангийн арай жаахан цаагуур нь ойролцоогоор 40 одонорны нэгжийн (ООН)зайд 310 жил тутам тойрон эргэнэ. Уг биетийг АНУ-ын калифорнийн технологийн институтын судлаач Майк Броуны ахалсан баг 2005 онд олж нээсэн бөгөөд истр арлын нутгийн хүмүүсийн ертөнцийн үүслийн тухай “Рапа Нуи" гэх домогон дээр гардаг хүнийг бүтээгч гол бурханы нэрээр нь Макимаки гэж нэрлэсэн аж.
Түүнийг анх нээгдэх үеэр хүмүүс манай нарны аймгийн 10 дахь гариг нээгдлээ хэмээн шуугиж байсан боловч олон улсын одонорончидын хурлаар 2008 онд хэлэлцээд макимакиг дэлхийн ван төрлийн одой гариг хэмээн ангилсан юм. Уг биет нь өөрөө нилээн жижиг хэмжээтэй бас дээрээс нь нарыг асар хол зайд тойрон эргэж буй учир түүний талаарх бидний мэдлэг маш хомс ба түүний гадрагын зураг бидэнд одоо хүртэл байхгүй.
Макимакигийн гадрага дээр ойгоод дэлхий дээр ирж буй нарны гэрлийг нь судлаад гадрага нь хөлдүү метанаар ихэнхдээ хучигдсан учир улаавтар өнгөтэй харагдаж байгаа байх гэж таамаглагддаг. Мөн уг биет нь өөрийн гэсэн дагуултай гэх ямар ч хэмжилт хийгдээгүй учир түүний массыг боломжийн нарийвчлалтайгаар тооцоолох боломжгүй байгаа, ерөнхийдөө ойролцоогоор дэлхийн массыг 10,000 хуваасны 5-тай тэнцэх хэмжээний жижигхэн гэж таамаглагддаг. Саяхан уг биет нарыг тойрох зуураа дэлхийтэй харьцангуй алс орших нэгэн одны гэрлийг хиртүүлсэн бөгөөд энэ үеэр судлаачид түүнээс бидэнлүү чиглэн ирэх гэрлийг нарийн судалж байгаад уг биет нь маш нимгэн жижигхэн агаар мандалтай юм байна гэдгийг нь илрүүлээд буй.
Товчхондоо макимаки мэт биетүүдийн талаарх бидний мэдлэг нэг иймэрхүү. Энэ одой гаригаас цааш бидний мэдэж байгаагаар эрис гэж бас нэг одой гариг нарыг тойрон эргэнэ. Эрисээс цааш Седна гэж нарнаас холдох үедэээ бараг 1000 ООН-ийн зайд очдог биет бий бөгөөд түүнээс цааш орших томовтор хэмжээний биетийг бид одоогоор мэдэхгүй. Гэвч эдгээрийн дундуур болон цаагуур нь өнөөгийн төхнологиор илрүүлж судлах боломжгүй зөндөө олон жижиг биетүүд маш их орон зайг эзлэн нарыг тойрж байгаа гэдэгт эргэлзэх юм байхгүй. Нарнаас хэдэн 10,000 ООН-ийн зай доторх жижиг биетүүд нарыг тойрон эргэнэ гэж бодхоор эзэлхүүний хувьд бид нарны аймгийн дөнгөж 0.1 хувиас ч бага хэсгийг нь л бага сага мэддэг гэсэн үг юм.
Эх сурвалж: Forbes