Орос дахин Евроазийн их гүрэн болох уу?
АНУ тэргүүтэй барууны холбоотнуудад (БНХАУ-ыг эс тооцвол) ОХУ нь бодит өрсөлдөгчийн байр сууринд байсаар байна. Оросууд Крымийг авсантай холбогдуулан эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөн ч Сирид цэргийн ажиллагаа явуулах, БНХАУ-тай хамтран ШХАБ-ыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцох, Турк Энэтхэгтэй зэвсгийн салбарт хамтран ажиллах, Венесуэльд дэмжлэг үзүүлэх зэргээр дэлхийн хэмжээнд бодлогоо амжилттай хэрэгжүүлсээр байна.
Цаашид Орос улс Евро-Азид төдийгүй Номхон далайн бүс нутагт идэвхтэй байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Гэвч тэдэнд ЗХУ-ын суларсан байр суурийг нөхөхөд ямар боломж бололцоо хийгээд хүндрэл бэрхшээл тулгарах нь томоохон сорил хэвээр байна.
Оросын геополитикийн чиг хандлага
Буруу сонгосон геополитикийн үзэл баримтлал нь дайны байтугай энгийн үед ч улс орныг унагааж байсан түүхийн жишээ цөөнгүй. Тухайлбал, геостратеги болон геополитик сэтгэхүй удирдлагуудад нь байхгүй байснаас хүйтэн дайнд ЗХУ ялагдах шалтгаан болсон. Иймээс сүүлийн үеийн зэвсгээр хангагдсан, байгалийн болон хүний эх үүсвэр маш ихээр золиосолсон зөвлөлтийн хүчирхэг зэвсэгт хүчин нь нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын баталгаа болж чадаагүй. Эсрэгээрээ АНУ нэрт геополитикч Спайкмэний “тогтоон барих” гаргалгааг 1947 онд зарласан Трумэний номлолдоо тусгаж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төрийн үндсэн бодлогодоо баримталсаар ирсэн. 1991 онд ЗХУ задран унаснаар их гүрний голомтыг сахиж үлдсэн ОХУ хорин жилийн хугацаанд дотоод асуудлаа шийдвэрлэх, эдийн засгаа сэргээхэд ихээхэн хүч зарцуулсан.
1999 онд В.Путин засгийн эрхэнд гарснаар Орос улс дахин сэргэлтийнхээ замд орж, Кремль ч өөрөө их гүрнийг дахин сэргээх тухай үзэл сурталд ач холбогдол өгч, Евро-Азийн их гүрнийг байгуулах тухай геополитикийн онол, үзэл баримтлал ихээхэн дэлгэрэх болов.
ОХУ нь соёлын хувьд Европтой холбоотой ч байгаль газар зүйн нөхцөл байдлаараа Азиас хамаарсаар ирсэн. Геополитикийн хувьд Орос нь АНУ-ын нөмөр нөөлөгт байх “анаконда” стратегийн эсрэг бодитой зогсож байна. Барууны үзэл баримтлагчид оросын либерал шинэчлэлийн явц нь барууны харилцаа холбоогүйгээр боломжгүй гэж үздэг ч тэдний тусламжийг авч, хамтран ажиллана гэдэг нь дотоод асуудалдаа оролцох боломж олгох, цаашлаад хяналтад нь орох эрсдэлтэй гэж оросууд болгоомжилдог. Бодит амьдрал дээр Орос улс удирдлага нь хэн байхаас үл шалтгаалан барууны байнгын өрсөлдөгч байсаар ирсэн. Тиймээс ч хүйтэн дайнаас хойш Орос улс нь зөвхөн АНУ тэргүүтэй барууны орнуудаас хүчтэй дарамт, эмзэг цохилтуудыг дараалан хүлээсэн нь улс орны байр сууринд мэдэгдэхүйц гарз учруулсан. Тухайлбал,
Тулгарч буй сорил бэрхшээл
Өнөөгийн орос орон хил хязгаарынхаа хэсэг бүрт стратегийн сорил бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал, БНХАУ-тай хиллэх хэсэг дэх хүн ам зүйн хэт давамгайлал, Төв Азитай залгасан хилийн өмнөд хэсэг дэх хэт даврагч исламын үзэл суртлын голомтууд, Европтой залгасан хил дээрх АНУ тэргүүтэй барууныхны аюул, энэ бүхэн бодитойгоор оршдог. Үүнийг Москва “түүхэн өдөөн дуудалт” гэж үзэж байна. Тэдний өргөн уудам нутаг дэвсгэр, газарзүйн байрлалын онцлог нь өрнө дорно, хойд урд аль ч зүгт цохилт өгөх бас хариу цохилт авах боломжтойд оршино. Гэвч оросууд энэ өвөрмөц байрлалаа давуу тал болгон ашигласаар ирсэн уламжлалтай. Эдүгээ ОХУ геополитикийн ашиг сонирхолоо хангахад нэн тэргүүнд 3 тусгаарлах бүс буюу сорил учирч байгааг анзаарч болно. Үүнд:
Нэгдүгээрт, Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын олонх нь оросоос шууд хамаарахгүйгээр барууны тэр тусмаа АНУ-ын тусламж дэмжлэгийг авах болжээ. Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд аль хэдийн Оросын эсрэг байлдааны түшиц газар, “живдэггүй нисэх онгоц тээгч хөлөг” болоод байна.
Ингэснээр НАТО-ийн агаарын хүчин оросын нутаг дэвсгэр дээрх стратегийн чухал ач холбогдолтой улс төр, эдийн засгийн зангилаа төвүүдэд цохилт өгөх боломжоор хангагдаж байна. Хамгийн түгшүүртэй цэг болох Украйн НАТО болон АНУ-ийн хүрээлэлд лавтай оржээ. Оросын хамгийн ойр хөрш болох Казакстан АНУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бичиг үсгээ латин үсэг рүү шилжүүлэх шийдвэр гаргаснаас үзэхэд тэдний стратегийн зорилго нь Атлантын эвслийн бүтцэд ойртох явдал хэмээн тодорхойлж болно. Кавказ орчмын хувьд гүржүүд энэ бүс нутагт оросын нөлөөг сулруулах бодлогыг баримталж байна. Кавказ дахь оросын стратегийн холбоотон шашин нэгт Армен улсын дотоодод барууныг баримталсан улс төрийн бодлого үйл ажиллагаа идэвхжиж, АНУ-ын 300 орчим төрийн бус байгууллага ажиллаж байгаагийн дээр дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох АНУ-ын ЭСЯ ажиллаж байна.
Нөөц бололцоо, цаашдын чиг хандлага
ХЭДЭН арван жилийн турш их хэмжээний либерал шинэчлэлд сульдаж байсан Орос улс нь эдүгээ дэлхийн хөгжилд дасан зохицох хүчирхэг гүрэн байгуулах сууриа нэгэнт тавьжээ. Тухайлбал,
Шинэ төрлийн стратегийн зэвсэглэлийн тухай нийтэд танилцуулсан,
2008 онд Осети-Гүржийн дайнаар Кавказад байр сууриа бэхжүүлсэн,
“Восток-2018” хамтарсан цэргийн сургууль хийж, бүс нутгийг хамарсан томоохон хэмжээний ажиллагаа явуулах чадвартайгаа харуулсан,
Сирид “С-300 систем”, Калининградад “Искандер” пуужингийн систем байрлуулж, стратегийн зориулалттай зэвсгээ АНУ-ын хоригийг эс харгалзан тэдний стратегийн түнш Энэтхэг, НАТО-ийн гишүүн Туркт борлуулсан,
ОХУ алдсан байр сууриа сэргээн тогтоох уу, тэгвэл ямар зааг хязгаараар тогтоох бол, эсвэл байр сууриа шинээр тодорхойлох уу гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байна. Энэхүү нөхцөл байдалтайгаа ОХУ зохицох эсвэл үл зохицох нь түүний хувьд туйлын хүнд сонголт байх болно.
Эх сурвалж: sciencedirect.com