Стресс хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Та тухтай унтаж чадахгүй, амархан уурлаж эсвэл дүнсийж, мартамхай болж, ганцаардаж, түгшүүртэй санагдаж байна уу?
Энэ бол хүн бүрт тохиолддог зүйл буюу нэг үгээр хэлбэл та бага зэрэг стресст орсон байна. Стресс тийм ч муу зүйл биш. Харин ч таны эрч хүч, анхаарлыг нэмэгдүүлж болдогийг та өрсөлдөөнт спортоор хичээллэж, олон нийтийн өмнө үг хэлэх үедээ мэдэрдэг.
Харин олон хүмүүсийн мэдэрдэг удаан хугацаанд үргэлжилдэг стресс бидний тархинд өөрчлөлт оруулж эхэлдэг. Архаг стресс нь хэт их ажиллах, гэр бүлийн асуудалтай байхын адилаар таны тархины хэмжээ, бүтэц,үйл ажиллагаанд генийн хэмжээнд хүртэл нөлөөлж байдаг.
Стресс HPA тэнхлэг гэх тархин дахь дотоод шүүрлийн хариу үйлдлийг удирддаг. Таны тархи стресс үүсгэх нөхцөл байдлыг танимагц HPA тэнхлэг шууд идэвхижин, таны биеийг гэнэтийн хариу үйлдэлд бэлтгэдэг кортизол хэмээх гормоныг ялгаруулдаг. Гэвч удаан хугацааны турш, их хэмжээний кортизол ялгаруулах нь таны тархийг ихээр гэмтээдэг. Архаг стресс таны амигдала буюу тархины айдас, түгшүүр мэдэрдэг төвийн идэвхижилт, мэдрэлийн холбоосуудыг ихэсгэдэг.
Харин кортизолын хэмжээ ихэссэнээр хиппокампус буюу тархины сурах чадвар, ой тогтоолт, стресс удирдах хэсгийн цахилгаан дохионы ажиллагаа мууддаг. Хиппокампус мөн HPA тэнхлэгийн үйл ажиллагаанд хориг хийж, хиппокампусын үйл ажиллагаа буурмагц таны стрессээ удирдах чадвар мөн мууддаг байна. Үүгээр зогсолгүй, таны тархины хэмжээ кортизолоос хамааран багасч болдог.
Хэт их ялгарснаар нейронуудын синаптик холбоо алдагдаж, духны урд холтослог буюу анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах,эргэцүүлэн бодох, нийгмийн харилцаанд оролцох зэрэг тархины үйл ажиллагаануудыг удирддаг хэсэг багасдаг. Мөн хиппокампус дахь шинэ эс төлжилт буурна. Иймд архаг стресснээс үүдэн таны сурах чадвар, ой тогтоолт буурч болно. Мөн сэтгэл гутрал, цаашлаад Алцхаймэрийн эмгэг зэрэг илүү хүнд сэтгэцийн эмгэгүүдэд хүргэж болзошгүй.
Стресс таны тархины ДНК-д ч нөлөөлдөг. Шинэ төрсөн ээж харх зулзагаа халамжлах нь тухайн зулзагын ирээдүйд стресстэй тэмцэх чадварт нөлөөлдгийг туршилтаар баталжээ. Халамж ихтэй ээжүүдийн зулзага стресстэх нь бага байж. Учир нь тэдний тархи кортизолд наалдаж, стресст үзүүлэх хариу үйлдлийг багасгадаг кортизол хүртэхүйн хөгжил илүү өндөртэй байж. Халамж багатай өссөн зулзагуудад эсрэг үр нөлөө ажиглагдсан байна.
Тэд амьдралынхаа турш стресстэх хандлага өндөр байжээ. Эдгээрийг эпигенетикийн өөрчлөлт гэдэг бөгөөд энэ нь генийн кодийг өөрчлөлгүйгээр аль ген идэвхижихийг шийддэг байна. Мөн ээжүүдийг хооронд нь солисноор энэ өөрчлөлтүүдийг буцааж болдог. Гэвч маш гайхмаар үр дүн илэрсэн. Нэг ээжийн гаргасан эпигенетик өөрчлөлт түүний дараах үеийн олон харханд дамжин илэрчээ. Өөрөөр хэлбэл, түүний үйлдлийн үр дүн удам дамжин өвлөгдсөн байна.
Гэхдээ стресстсэн тархин дахь кортизолын нөлөөг буцааж болох олон арга бий. Хамгийн баттай зам бол биеийн тамир ба бясалгал. Эд таныг гүнзгий амьсгаа авч, эргэн тойрондоо илүү төвлөрөхөд тусладаг. Эдгээр 2 арга хоёулаа стресс багасгаж, таны хиппокампусын хэмжээг ихэсгэж, үр дүнд нь ой тогтоолтыг сайжруулдаг. Иймд өдөр тутмын дарамтад битгий бууж өгөөрэй. Стресс таныг удирдахаас өмнө стрессээ удирдаж сураарай.
Эх сурвалж: Science Daily