Япон улс гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийг хянах технологи ашиглаж байна
Коронавирусын тахлын үеэр гэрээсээ ажиллах нь энгийн үзэгдэл болсон билээ. Тэгвэл Японы "Optim" корпораци гэрээсээ ажиллаж буй хүмүүсийг хянах технологи зарж эхэлсэн нь эрэлт ихтэй байна. Үүний ачаар Токио хотод байрладаг тус компанийн хувьцаа зогсолтгүй өссөөр байна.
Оптимыг үндэслэгч Шунжи Сугаяа 44 насныхаа төрсөн өдрөөс ердөө хоёр хоногийн өмнө тэрбумтан болсон бөгөөд компанийнх нь хувьцаа наймдугаар сарын дундуур 3790 иенд хүрч дээд амжилт тогтоожээ.
“Японы нийгэмд олон компаниуд менежментэд илүү анхаарч ажилладаг. Гэхдээ энэ тахлын дараа бүх зүйл, ялангуяа менежментийн арга барил өөрчлөгдсөн. Зайнаас харилцах технологи Японы нийгэмд маш түргэн хөгжиж болохуйц салбар юм "гэж Сугая хэлжээ.
"Optim"-ийн үндсэн үйлчилгээ нь 2009 онд байгуулагдсан "Optimal Biz" нэртэй менежментийн платформ юм. Үйлчлүүлэгчид програм хангамжаа ашиглан ажилчдынхаа ухаалаг төхөөрөмжийг вэб хөтчөөр дамжуулан удирдах, зарим вэбсайтыг хаах, хулгайлагдсан төхөөрөмж мэдээлэл алдахаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авч болох гэнэ.
Энэ 5-р сарын сүүлээр "Optim" нь гэрээсээ ажил эрхэлдэг хүмүүст зориулсан үндсэн үйлчилгээний өргөтгөл болох "Optimal Biz Telework"-ийг эхлүүлсэн. Энэхүү үйлчилгээ нь хиймэл оюун ухааныг ашиглан ажилчдын бүтээмжид дүн шинжилгээ хийж, ажилтнууд ажлын цагаар идэвхгүй байх үед автоматаар анхааруулга өгөх гэх мэт үйлдэл хийдэг ажээ.
Цартахлын үеэр эрэлттэй байгаа өөр нэг хэрэгсэл бол "Optim AI Camera" юм. 2018 оны сүүлээр нэвтрүүлсэн тус бүтээгдэхүүн нь албан тасалгаа, ажилчдын цайны газар гэх мэт газруудыг илүү нарийн хянаж, хиймэл оюун ухааны тусламжтай ажилчид цаг заваа хаана яаж өнгрүүлдэг болохыг тогтоодог ажээ.
"Цартахлын өмнө бид ийм төрлийн зүйл хийх технологитой байсан ч гэсэн хүмүүсийн, ялангуяа бизнес эрхлэгчид үүнийг ойшоодоггүй байсан. Одоо тэдэнд өөр сонголт үлдсэнгүй. Тэд эдгээр үйлчилгээг нэвтрүүлж байж ажилчдаа хянаж байгаа юм.” гэж Сугаяа хэллээ.
Эх сурвалж: Forbes