"Facebook" компани хиймэл оюунд гол анхаарлаа хандуулж эхэллээ
"Facebook" хиймэл оюун ухаан буюу AI руу хошуурсан технологийн өрсөлдөөн рүү анхаарлаа шилжүүлж, өөрийн чип бүтээх анхны алхмаа хийв. Нийгмийн сүлжээний компани бизнесийн гурван салбартаа ажиллуулах чип дизайнерын ажлын байр зарлажээ.
Эдгээр нь AI, виртуал бодит байдлын хэрэглүүр Oculus ба ерөнхий өгөгдлийн төв юм. Ажлын зараас гадна тус компанийн AI багийн инженер Яан ЛеКүн “Би олон сарын турш чип дизайнераар ажиллаж байна” гэж "Twitter"-тээ бичсэнийг үзэхэд хиймэл оюун ухаан Facebook-ын анхаарлын төвд ирсэн нь ойлгомжтой.
Нийгмийн сүлжээнээс гадна "Apple" өөрийн ухаалаг утасны процессор бүтээхээр санаачилж, "Google" хиймэл оюун ухааны тусгай чипний дизайн гаргаж эхэлсэн зэрэг нь дээрх өрсөлдөөний илрэл боллоо. Гэвч эдгээр компани чипний бизнест хөрөнгө оруулаад удсан бол "Facebook" одоо зар өгч байгаа нь өөрийн чадамжаа хөгжүүлэх цаг хугацааны асуудлыг харуулж байна. AI асар чухал гэсэн ойлголт сүүлийн гурван жилд чипний салбарт эргэлт гаргасан.
Түүнчлэн машины танихуйн системийн хөдөлгүүр болох өгөгдөл боловсруулах нэгж үйлдвэрлэдэг "Nvidia"-гийн хувьцааны үнэ 10 дахин өссөн ба "Intel" үүнтэй холбоотой хэд хэдэн худалдан авалт хийжээ. Facebook-ын ерөнхий захирал Марк Закерберг хуурамч мэдээ ба нийгмийн сүлжээний бусад хууль бус ажиллагааны дуулианыг намдаах гол хэрэгсэл нь AI гэж үзэж байна.
Тэрбээр өнгөрсөн жил "Cambridge Analytica" компани хувийн өгөгдөл ашигласан асуудлаар Конгресст мэдүүлэг өгөх явцдаа уг технологийг сурталчлаад амжсан юм. "Oculus" хэрэгслийн зэрэгцээ AI руу орж байгаа нь нийгмийн сүлжээ асар их өгөгдөл боловсруулж чадах чипээс хамаарах нь нэмэгдэж буйн илрэл юм.
Чипний дизайны хяналтаа өргөжүүлэх алхам Facebook өөрийн тусгай бүтээгдэхүүнд шаардлагатай технологи боловсруулж, "Intel" ба "Nvidia"-д найдахаа багасгах зорилтын нэг хэсэг болж байна. Өнөөгийн байдлаар сүүлийн хоёр компани өгөгдлийн төвүүд болон AI-д ашигладаг чипний томоохон үйлдвэрлэгчид юм. Ингэснээр "Facebook" дараа үеийн дэвшилтэт технологид өөрийн байр суурийг эзлэх боломжтой болно.
Гэвч анхны мэргэжилтнийг ажилд авснаар эхэлж байгаа бол өөрийн чадамжийг бий болгоход олон жил хэрэгтэй. Эдний нэг зар нь "FPGA" хэмээх программчлах боломжтой чип бүтээх туршлагатай хүнийг авна гэсэн байв. Үүнээс ялгаатай "Intel" өгөгдлийн төвүүдийн чадамжаа төрөлжүүлэхийн тулд томоохон "FPGA" үйлдвэрлэгч "Altera" компанийг хэдэн жилийн өмнө 16 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.
Эх сурвалж: Forbes