Хятадад шинээр үйлдвэр байгуулсан "Tesla" компанийн борлуулалт 150 хувиар өслөө
АНУ-ын Tesla компанийн дан цахилгаан хөдөлгүүрт автомашинын борлуулалтын тоо хэмжээ БНХАУ-д энэ оны 8-р сард 150 хувиар нэмэгдсэнийг консалтингийн "LMC Automotive" компани статистиктаа дурдсаныг "Reuters" агентлаг мэдээллээ. Тус улс дөрөвдүгээр сард 4,666 ширхэг "Tesla" импортоор оруулсан бол тавдугаар сард 11,565 болж эрс өссөн байна.
Хэдийгээр дэлхий даяар эдийн засгийн байдал хэцүү байгаа ч "Tesla" компани Хятад улсад үйлдвэрлэсэн анхны автомашинуудаа худалдаан гаргаж эхэлсний хүчинд ийнхүү нийт борлуулалтын тоо нэмэгдсэн байна. Энэ нь тус компанийн хувьцааны ханш огцом нэмэгдэх гол шалтгаан болсон юм. Элон Маск дэлхийн хамгийн том автомашины зах зээлд нэвтрэхийг эртнээс хүсч байсан бөгөөд ийнхүү өөрсдийн бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэн нийлүүлэх боломжтой болсон билээ.
Тус үйлдвэр нь "Tesla"-ийн хилийн чанад дахь анхны үйлдвэр бөгөөд өөр олон оронд үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байгаагаа Элон Маск мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар тус компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 2 дахин нэмэгдээд байгаа аж.
Мөн Хятад дахь үйлдвэрийн нээлтийн ачаар "Tesla"-ийн хувьцааны ханш Даваа гаригийн арилжаагаар түүхэндээ анх удаа 500 ам.долларын ханшийг давж, компанийн нийт зах зээлийн үнэлгээ нь 300 тэрбум ам.долларт хүржээ.
"Tesla"-гийн "Model 3" седан загварын борлуулалт 8-р сард 11,095 болж нэмэгдсэн нь 6-7 сарын борлуулалтаас 205 хувиар өссөн хэмээн Хятадын Хөнгөн Тэрэгний Холбоо-CPCA (China Passenger Car Association) мэдээлсэн юм. Шанхай дахь Tesla-гийн угсрах үйлдвэрийн ажиллагаа сэргэж, АНУ, БНХАУ-ын худалдан авагчдад зориулан цахилгаан хөдөлгүүрт машиныхаа жижиглэнгийн үнийг хямдруулсан нь борлуулалт өсөхөд түлхэц болжээ.
Ердийн суурь бүрдэл бүхий Model 3 седаныг урьд нь 39,990 ам.доллараар борлуулж байсан бол өдгөө 37,990 болгож хямдруулаад байна. Дээд ангиллын Tesla Model S Long Range Plus загвар 79,990 ам.долларын үнэтэй байсныг 74,990 болгожээ. Дээд ангиллын цахилгаан машины салбар дахь сул өрсөлдөөн Tesla-гийн борлуулалтад таатай нөлөөлж байна хэмээн экспертүүд үзэж байна.
Tesla-гийн хувьцааны үнэ зургадугаар сарын 10-нд 1,000 ам.доллар давснаар Илон Маскийн компани дэлхийн хамгийн үнэтэй авто үйлдвэрлэгч болж хувирлаа. Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч тус компани өдгөө 190 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, Toyota-г гүйцэж түрүүлснээр Ford, GM, Honda, Fiat Chrysler-ыг нийлүүлснээ ч илүү үнэтэй боллоо.
Эх сурвалж: Bloomberg