Сэтгэл Судлалын ШУ-ны нэрийг барьж нийтэд дэлгэрсэн 9 бизнес
Бүх шинжлэх ухаан нийлээд нэг анги байлаа гэж бодъё. Тэр ангид залуухан, мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, хүн бүртэй л элэгсэг дотно харилцдаг бас ч үгүй хөөрхөн нэгэн байлаа гэж бодъё л доо. Тэр бол “Сэтгэл Судлал”-ын ШУ. Гэвч өнөө цаг үед тэр хүний нэрийг барьж ашиг хонжоо хайсан, бусдын мэдлэггүй, итгэмтгий байдлыг ашиглаж бизнес хийгчид олон болж. Тэд бол:
1. ИНДИГО, КРИСТАЛ хүүхэд гэж байхгүй
Өнөөгийн ШУ аль ч тасархай аппарат нь хүүхдийг шууд л хэдэн хувийн индиго, хэдэн хувийн кристал гэж тодорхойлж чадахгүй. Тийм юм ч гэж байхгүй. Өөртөө итгэлтэй, зөв ээнэгшсэн, сэтгэл зүйн хувьд эрүүл, эрүүл бус л гэж ангилагдаж болох байх.
2. МОЦАРТ, БЕТХОВЕН сонсох нь хүүхдийг гоц гойд болгоно
Ердөө л ХХ зууны сүүл үед зарим нэг хөгжмийн зохиолчдын бүтээлээр бизнес хийгчдийн маркетингийн арга. Хөгжим сонсох нь хүүхдийг тайвшруулж, урлагийн мэдрэмж, ойлгоцыг л нэмэхээс биш дан ганцаараа гоц гойд болгож огт чадахгүй. Сайн эцэг эх, хүмүүжлийн зөв арга барил л хүүхдийн хүн шиг хүн болгох ганц зэвсэг.
3. АФОРИЗМ хэлж, УРАН тансаг ярьдаг л бол САЙН СЭТГЭЛ СУДЛААЧ
Монголд мэргэжлийн бус, миний бодлоор “цайны хэд хэдэн сэтгэл судлаач, гэр бүл судлаач” нар байна. Сайн сэтгэл судлаачийг үнэлэх олон үзүүлэлт бий. Жишээ нь тухайн чиглэлээр ямар ямар судалгааны бүтээл хийсэн, практик дээр хэдий хугацаанд ямар кейс дээр голчлон ажилласан, мэргэжлийн суурь ойлголтыг хаанаас, ямар хэлбэрээр олж авсан ч гэхчлэн олон жишээ дурдаж болох юм. Та хэрэв сэтгэл судлаачтай уулзахыг хүсэж байвал мэргэжлийн зэрэг, диплом, судалгааны ажлын чиглэл зэрэгтэй нь заавал танилцах хэрэгтэй.
4. БАРУУН, ЗҮҮН ТАРХИЙГ зэрэг янзтай сайхан ХӨГЖҮҮЛНЭ.
Энэ бол худлаа. Бидний ярих, сэтгэх, ухамсарлах зэрэг олон үйл ажиллагаанд баруун, зүүн тархи хоёул зэрэг оролцдог, аль нэг тал бөмбөлгийг илүү хөгжүүлээд өгнө гэх зэргээр маркетинг хийх нь тун тоогүй.
5. ТАРХИНЫ үйл ажиллагааны хөгжлийг 50–60% нэмнэ
Бид асуудал шийдвэрлэх, бодох, энгийн зүйлсийг тооцоолох гэх зэрэг өдөр тутмын үйлдлүүдэд тархины бүх хэсгийн үйл ажиллагаа зэрэг явагддаг. Харин тэрхүү шийдвэр, үйлдлүүд зөв, сайн байхад бодлын алдаагүй, тэвчээртэй, тэмүүлэлтэй, хөдөлмөрч байдал л хамгийн чухал.
6. 6 сараас -1 жилийн хугацаанд сэтгэл судлаач бэлтгэх КУРС
Хүнтэй ажилладаг мэргэжлүүд бол хамгийн ярвигтай мэргэжлийн чиглэлүүд. Суурь мэдлэг, хавсарга шинжлэх ухааны ойлголтууд, мэргэшүүлэх хичээлүүд гэхчлэн урт хугацааны бэлтгэл, дадлага хэрэг болдог. Гэвч 6–12 сар яваад л супер, дупер сэтгэл судлаач бэлтгэнэ гэдэг бол луйвраас өөрцгүй зүйл.
7. СТРЕСС-ээ тайлтал сайхан цэнгэж, нэг оройг ХӨГЖИЛД
ФМ, ТВ-ээр явах караоке, шөнийн клубуудын сурталчилгаанаас та дээрх уриаг хангалттай сонссон байх. Гэвч стрессийг ууж, хашхирч, мансуурч бус урт хугацааны зөв шийдвэр, эрүүл амьдралын хэв маяг, мэргэжлийн хүний туслалцаатайгаар л та стресс, сэтгэл гутралаасаа салах боломжтой.
8. Аль нэг АППАРАТААР хүний ирээдүйд хэн болохыг батлах боломжгүй.
Зүгээр д нэг аппаратаар хэн нэгнийг ирээдүйд ийм тийм болно, ингэвэл дээр тэгж болохгүй гэсэн зүйлд итгэсэн дор лам дээр очиж ном уншуулах нь хавь илүү. Ядаж л сүсэг бишрэлтэй болж буруу зүйлийг эсэргүүцэх зарчимтай болно ш дээ
9. Амжилтанд хүрэх арга, баян болгох арга гэсэн ном бол ЛУЙВАР
Номын дэлгүүрийн нэгээхэн хэсгийг эзлэх хэн нэгний амжилтанд хүрсэн, баяжсан түүх таныг ч мөн адил тийм болгоно гэсэн огт биш. Өөрийн үнэт зүйлсээ золиосолсон, олон хэцүү зүйлсээр дүүрэн ч нүдээн анин байж ганц АМЖИЛТАА дөвийлгөж бичих нь амжилт биш. Та залуу насаа юунд зориулах вэ ? Юу ч тохиолдсон нугарч, бөхийлгүй тэмцэх тэр зүйл чинь юу вэ ? Юуг хамгийн ихээр хүсэж байна вэ ? гэдэг л амжилтаа олох арга.
Эх сурвалж: Medium.com (Д.Лхамсүрэн)