Хиймэл оюун ухаан ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах боломжтой...
2017 онд “Damn Racist Sinks” буюу “Арьс өнгөөр ялгаварлагч угаалтуур” гэх нэртэй нэгэн богино хэмжээний бичлэг “Youtube” сайтад нэлээд олон хүнд хүрч байсан билээ. Уг бичлэгт АНУ-ын Атланта хотод байрлах Марриот зочид буудалд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын үдэшлэг болж байдаг бөгөөд, завсарлагааны үеэр хоёр найз ариун цэврийн өрөө орохоор явдаг. Харин тэнд нэгэн жигтэй зүйл болсон нь ариун цэврийн өрөөнд байрлах автомат гарын шингэн саван шахагч нь хар арьст иргэдийг мэдэрч, саван гаргахгүй байгаагаар гардаг хошин бичлэг юм.
Тэд ариун цэврийн өрөөнд байрлах 10 автомат гарын савангийн машинууд бүгд ижил байдаг бөгөөд цагаан арьст иргэд үйлчлүүлэх үед хэвийн ажилладаг.
Уг бичлэг нь тун хошин өнгө аястай бичлэг байсан бөгөөд олон ч иргэд үүнийг зүгээр л хөгжилтэй үүднээс харж, найз нөхөдтэйгөө хуваалцаж, зарим нь мийм (meme) хийж байсан юм. Гэхдээ уг бичлэгийг хэн ч бидний орчин үед бидний өдөр тутмын амьдралд чухал шийдвэр гаргадаг хиймэл оюун ухааныг үнэхээр ийм үйлдэл гаргаж болох эсэх талаар нь хараагүй юм. Цаг үеийн шаардлагаар маш хурдацтай хөгжиж, цаашид маш чухал байр суурь эзэлж, чухал шийдвэрийг гаргадаг болох хиймэл оюун ухааныг үнэхээр ийм байдал гаргах эсэхийг одооноос сайтар судалж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Ийм зүйл үнэхээр боломжтой юу?
Мэдээж хэрэг. Учир нь хиймэл оюун ухаан “Machine Learning & Deep Learning” (Машин сургалтын болон гүн сургалтын) аргад суурилан хөгждөг. Эдгээр нь тухайн хиймэл оюуны мэдээллийн санд ямар төрлийн мэдээлэл өгч байгаагаас тун их хамааралтай юм. Хиймэл оюун ухаан өөрт байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үүнээсээ суралцаж хөгждөг учир хэн нэгэн зориудаар арьс өнгөний үзэл, ялгаварлалт бүхий суртал ухуулгын шинж чанартай мэдээллээр тэжээж хөгжүүлж болох юм. Ингэвэл гарах үр дүн нь мэдээж бидний асуултын хариулт болно.
Хэрэв үнэхээр ийм зүйл болбол цаашид яах вэ? Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, тун удахгүй бэлэн болох автомат жолоодлоготой машинаас эхлээд, царай таних технологи, цахим веб сайт, цахим үнэмлэх гээд л бидний өдөр тутмын амьдралын бүхий л зүйлсэд энэ ялгаварлалт гарч эхэлнэ гэсэн үг. Ингэснээр жинхэнэ утгаараа бидний шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг зүйлс үүсэж эхлэх боломжтой юм.
Тодорхой нэг үндэстэн, нэг ястны эсрэг чиглэсэн хавчих бодлого, тэр бүү хэл хоморголон устгах бодлого ч хэрэгжүүлэх боломжтой. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид одооноос хиймэл оюуны хөгжилд нарийн хяналт хийх хэрэгтэй. Мөн түүнчлэн хиймэл оюун ухаанд хүнтэй ижил буруу зөвийг ялгах ухамсар хөгжүүлэхийг оролдох нь бас муугүй л оролдлого.
Хиймэл оюун ухааны хөгжлийн гол зорилго нь хэн нэгнийг ялгалгүй, нийтэд үйлчлэх хэрэгцээ юм, хэрэв зээ хэн нэгэнд тухайлан илтэд илүүтэй хандах бол энэ нь тийм ч хэрэгтэй эд биш болж таарна. Технологи, хиймэл оюун ухаан ч арьс өнгөний үзэл гаргах боломжтой гэдэг нь онолын хувьд ч, практикт ч баталж болохоор зүйл. Гэхдээ одоогийн байдлаар эрдэмтэд болон хөгжүүлэгчид зөвхөн тухайн алгоритмын ажиллагаа болон хөгжүүлэлт тал дээр илүү анхаарч байгаа бөгөөд харин гарч болох алдаа эндэгдлийг өмнө нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Өлссөн үедээ юу ч хамаагүй идэх нь сүүлд цадсаны дараа харамсах сэтгэл төрүүлдэгтэй ижил, яаралтай хэрэгтэй байлаа гээд хожмын үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хэт хурдан хөгжүүлэх нь өөрөө эрсдэлтэй тал болж магадгүй...
Эх сурвалж: Independent