Хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлнэ
Шинжлэх ухаан, техник технологийн үе, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, цар тахлын дараах үе зэрэг маш олон шалтгааны улмаас хиймэл оюуныг хөгжүүлэх ажил маш эрчимтэй явагдаж байгаа билээ. Үүнийг дагаад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, технологийн дэвшлийн төлөөх тэмцэлд улс орон, дэлхийн хэмжээний корпорацууд бүгд ханцуй шамлан ороод байгаа билээ.
Саяхан олон улсын “IDC” группээс гаргасан судалгаагаар 2024 он гэхэд дэлхий дахинд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд одоо зарцуулж байгаагаас 4 дахин илүү хөрөнгө буюу 110 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Уг дүнг дэлхий дахин дахь хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн нийт үнийн дүнг тооцоолж гаргасан байна.
Уг судалгааг гаргахдаа IDC групп голчлон компаниуд хиймэл оюун ухааныг хэрэглэгчдэд үйлчлэх, компанийн үйл ажиллагаа сайжруулах зэрэг нийтлэг, өдөр тутмын амьдралд ашиглах чиглэлийн хөгжүүлэлтүүдийг тооцсон байна. Түүнээс сансар огторгуй, робот болон бусад төрлийн хөгжүүлэлтүүдийг тооцоолоогүй гэдгээ мэдээлсэн.
Ирэх онд хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэх салбаруудаар худалд, борлуулалтын бизнес болон банкны салбар гэх дүгнэлт хийгээд байна. Учир нь энэ хоёр салбарт хиймэл оюуны хөгжүүлэлт нэн шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа банкны салбарт хуурамч тодорхойлолт, санхүүгийн алдагдал, балансын зөрүү зэрэг асуудлыг бууруулах нэн шаардлагатай учир эдгээр хөгжүүлэлтийг нэн тэргүүнд хийх хэрэгтэй байгаа гэж үзсэн юм. Мөн түүнчлэн мэргэжилтнүүд ч ижил зүйл зөвлөж байгаа гэнэ.
Бусад салбарын хувьд “Covid-19” цар тахлын нөлөөгөөр нөхцөл байдал тун хурцадмал байдалд орсон бөгөөд цаашид цар тахалтай зохицож амьдрах шаардлагатай болсон зочлох үйлчилгээ, агаарын тээвэр болон эрүүл мэндийн салбарууд ч нөхцөл байдалтай дасан зохицож эхлээд байгаа юм. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжил тун ч эрчимтэй байгаа бөгөөд эдгээрийн бахархмаар жишээ нь Сингапур, Япон болон БНХАУ зэрэг орнууд бөгөөд, эдгээр улсууд цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний дараагаар арилжааны болон бусад компаниуд цар тахлын дараа үетэй дасан зохицож, шинэчлэлт хийгдэх хэрэгтэй болно. Энэ бол зайлшгүй шаардлага юм. Зөвхөн цар тахлын нөлөөгөөр ч биш орчин үед хиймэл оюун ухааны тусламж бизнесийг үр дүнтэй, алдагдал багатай, ашиг ихтэй болоод өгөөжтэй байхын тулд тун хэрэгтэй байгаа юм. Хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашигладаг томоохон хэмжээний компаниуд үр ашгийг нь үзээд эхэлсэн. Тиймээс цаашид ч бусад компаниуд хиймэл оюуны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, суралцах болон бусад чадварыг ашиглаж байж өрсөлдөхүйц чадвартай болох юм.
Эх сурвалж: Artificial Intelligence news