Бор одой гэж юу вэ?
Одон орон судлаачид саяхан манай нартай тун ойролцоо оршдог хос бор одой оддыг судлаад, тэдгээрийн нэгийг нь тойрон эргэдэг байж болох гарагийн ул мѳрийг олсон байна. Хэрвээ үнэхээр энэ хос бор одойчуул гарагтай болж таарвал манай нарны аймагтай хамгийн ойрхон орших харь гарагуудын нэг болох юм.
Тэгвэл бор одой гэж юу вэ? Бор одой гэдэг нь товчхондоо од гэхэд энгийн од шиг том биш, гэхдээ гараг гэхэд гараг шиг бас жижиг биш биетийг хэлж байгаа юм. Амьдралынхаа ихэнх хэсгийг тѳвдѳѳ устѳрѳгчийн атомуудыг нийлүүлэн гели болгож, ялгарсан энергиэр нь гэрэлтдэг биетүүдийг бид од хэмээн ангилдаг. Жишээ нь манай нар болон тэнгэрт харагдах ихэнх одод нь ийм зарчмаар гэрэлтэж байгаа. Ийнхүү устѳрѳгчийн атомуудыг халуун цѳмийн урвалаар нийлүүлж энерги гаргаж авахын тулд тухайн биетийн тѳв хэсэг нь асар ѳндѳр даралт болон температуртай байх хэрэгтэй ба, ийм орчинг хангалттай их хэмжээний масстай байж л бүрдүүлнэ.
Хангалттай масс гэдэг нь манай нарны массыг 25 хуваасны 2 хавьцаа, эсвэл бархасбадийн массаас 80 дахин ихийг хэлнэ (бархасбадь нь манай нарнаас ойролцоогоор 1000 дахин бага масстай). Харин гараг гэдгээр бид дотроо халуун цѳмийн урвал явагдуулах боломжгүй буюу тийм зарчмаар гэрэлтэхэд масс нь хүрэлцдэггүй жижиг биетүүдийг ангилдаг. Жишээ нь манай дэлхий, ангараг, буд, сугар, бархасбадь, санчир гээд эдгээр нь цѳмдѳѳ устѳрѳгчийн атомуудыг шатаах хэмжээний даралт болон температургүй.
Тэгвэл бор одой нь массаараа манай бархасбадиас 13-80 дахин том биетийг хэлж байгаа юм. Ѳѳрѳѳр хэлбэл цѳмдѳѳ устѳрѳгч шатаах хэмжээний их масстай биш, гэхдээ гараг шиг огт халуун цѳмийн урвал явуулах боломгүй хэт жижиг биш гэсэн үг. Бор одой нь массаасаа хамаараад тодорхой хугацааны турш дейтериум (2Н) шатаах ба, зарим том бор одой нь литийг цѳмдѳѳ бас шатааж гэрэлтэж болно. Харин шатааж чадах түлшээ дуусгаад биет маань маш удаан хугацаанд аажуухан хѳрсѳѳр дуусах болно. Ѳнѳѳгийн байдлаар маш бага масстай энгийн одыг том бор одой оддоос ялгах, мѳн маш том гарагийг масс багатай бор одойгоос ялгах гэж бѳѳн хэрэгтэй хэрэггүй маргаан болж байгаа. Дээрх бархасбадиас 13-80 дахин их масстай гэдэг нь үнэндээ тодорхой физик үндэслэлтэй бус, зүгээр олон улсын одон орон судлалын холбооны зохиосон тодорхойлолт. Тухайн биетийн найрлага болон бусад олон хүчин зүйлээс уг нь хамааралтай юм.
Одон орончид сансараас инфра-улаан туяаны мужид хэмжилт хийдэг НАСА-ийн WISE дурангаар ѳнгѳрсѳн жил биднээс дѳнгѳж 6.6 гэрлийн жилийн тэртээ оршдог Luhman 16AB хэмээх хос бор одой оддыг илрүүлсэн юм. 6.6 гэрлийн жил гэдэг маань ойролцоогоор 63,000,000,000,000 км гэсэн үг, хүний хэмжээсээр бодвол асар их хол зай. Гэхдээ одон орны хэмжээсээр энэ нь манай хаяанд л гэсэн үг гэдгийг санаарай, жишээ нь манай нартай хамгийн ойрхон орших одод буюу нумын гялааны систем нь биднээс 4.4 гэрлийн жилийн тэртээ оршдог. Нумын гялааны цаана биднээс 6 гэрлийн жилийн тэртээ Барнардын од гэж байгаа, тэхээр энэ шинээр нээгдсэн хос бор одой нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог 3 дахь оддын систем гэсэн үг юм.
Энэ бор одой оддын систем WISE самналтаар илэрсний дараахан европын хэсэг судлаачид бидэнтэй маш ойрхон орших эдгээр биетийг илүү сайн судлах үүднээс ѳмнѳд Америкийн Чили улс дахь 8.2 метрийн VLT дурангаар 2 сарын турш нарийн хэмжилт хийсэн байна.
Ийм ѳндѳр нарийвчлал бүхий хэмжилтийг 2 сарын турш хийснээр судлаачид Luhman 16AB системийн талаар нилээд хэдэн зүйлийг мэдэж авсан байна. Хос бор одойчуул хоёул манай гхргы аймгийн бархасбадь гарагаас ойролцоогоор 30-50 дахин их масстай ба бие биенээ 20 орчим жилийн давтамжтайгаар 450 сая км-ийн зайд (нэг нэгнээсээ) тойрон эргэдэг аж. Тойрог замыг нь тодорхойлон хэмжиж байх зуур судлаачид энэ 2 биет массын тѳвѳѳ жигд тойрон эргэх бус үл ялиг хэлбэлзэх хѳдѳлгѳѳн хийхийг нь ажигласан байна. Ингэж хэлбэлзэх хѳдѳлгѳѳн хийж байгаа нь энэ системд байгаа гуравдагч биетийн таталцлын нѳлѳѳллѳл юм.
Энэ 3 дагч биет нь яг ямар шинж чанартай, аль хос бор одойг нь яаж тойрон эргэдэг гэдгийг тодорхойлохын тулд зѳндѳѳ илүү хэмжилт хэрэгтэй. Ер нь бол энэ хоёрын нэгийг нь алсад тойрон эргэж байгаа гараг гэж таамаглаж байгаа, гэхдээ гараг биш бас нэгэн масс багатай бор одой ч байх бололцоотой (тийм бол 3 бор одойн систем болж таарна гэсэн үг). Харин гуравдагч биет нь гараг мѳн байвал, манай нарны аймагтай хамгийн ойр оршдог 2 дахь харь гараг нь болно.
Эх сурвалж: Science Daily