Олон зуун жилийн настай, түлхүүр нь үгүй болсон хайрцгийг рентген зураглалын технологиор онгойлгожээ
Түлхүүр нь алга болсон цоожтой төмөр хайрцгийг хэрхэн онгойлгох вэ? Мэдээж эвдэх арга бүтэх л байх. Гэхдээ хэрэв уг хайрцаг нь олон зуун жилийн настай, түүхэн дурсгалт зүйл бол яах вэ? Чех улсын музейн ажилчид уг асуудалтай нүүр тулсан байна. Тэд түлхүүр тааруулах болон цоожны мэргэжилтнүүдээс туслалцаа хүссэн ч хайрцгийг гэмтээх эрсдэлтэй байв.
Тэд өөр нэгэн шийдэл олж чадсан нь судлаачдын багтай хамтарч ажиллах байсан бөгөөд, судлаачдын рентген зураглалын технологи ашиглаж, доторх нууцлаг цоожны механизмыг тайлсан бөгөөд хэд хэдэн оньсыг тайлж чадсанаар тэд авдрыг нээх боломжтой болжээ.
Уг аварга том төмөр хайрцаг нь 19-р зууны эхэн үеийн эд бөгөөд ойролцоогоор 60 гаруй килограмм жинтэй байсан юм. Уг хайрцгийн түлхүүр нь он цагийн явцад алга болсон бөгөөд, доторхыг нь нээж харах нь тун асуудалтай болоод байсан юм. Уг хайрцаг нь маш чухал бичиг баримтууд болон үнэ цэнэтэй зүйлсээ хадгалдаг авдар байсан агаад зөвхөн тодорхой нэг эрх бүхий хүн л түлхүүрийг хариуцдаг байжээ. Энэ нь хоёр зуун дамжсаны дараагаар алга болсон бөгөөд музейн ажилчид хайрцгийг гэмтээхгүйгээр сэргээн засварлах хэрэгтэй болох үед хүндрэл болон хувирсан ажээ.
Уг рентгений аргачлалыг Брно Их сургуулийн технологийн багийн Жозеф Кайзер болон тэдний багийнхан гүйцэтгэсэн бөгөөд рентген томограф технологийн тусламжтай цоожны олон талын зургийг авч, нэгтгэснээр цоожны механизмыг тайлжээ. Хамгийн хачирхалтай нь уг хайрцганд цор ганц цоож биш гурван өөр, салангид цоожлох систем болон хэд хэдэн түлхүүрээр холбогдсон оньс, эрэг боолтууд болон нууц товчлуураас бүрдсэн цогц систем байсан гэнэ.
Судлаачид рентген зургуудаа ашиглаж цоожны системийн 3D зураглалыг гаргаж авсан бөгөөд үүний дараагаар түгжээг тайлахын тулд маш олон оньс тайлах хэрэгтэй болсон ажээ. Хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь уг систем дотроос нэгэн пүрш алга болсон байсан нь оньсыг тайлахад саад болжээ. Тэд рентген зургаар түлхүүрийн загварыг гаргаж авсан бөгөөд, гадна талаас нь урт төмөр эргүүлгүүдээр оньснуудыг тайлж, эцэст нь хайрцгийг нээж чаджээ.
Хөгжилтэй ч гэмээр нэг зүйл нь багийнхан хайрцгийг нээж үзэхэд дотор нь ганцхан зүйл байсан бөгөөд энэ нь үнэ цэнэтэй олдвор, эд баялаг, чухал бичиг баримтууд аль нь ч биш зөвхөн цоожны системээс унаж орхисон пүрш байсан ажээ.
Эх сурвалж: Forbes