Залилагчид твиттер болон инстаграм ашиглаж хуурамч “Covid-19” эм болон оношлуур зарж байна
Саяхан Сан Диего хотын их сургуулийн Эрүүл мэнд судлалын тэнхимийн хиймэл оюун ухаант компьютер цахим сайт дахь хуурамч хаягуудаар их хэмжээний коронавирусын эсрэг эм бэлдмэл болон оношлуур түүнчлэн урьдчилан сэргийлэх арга зэргийг зарж байсныг илрүүлсэн байна.
Уг худалдаа нь сүүлийн үед нэлээд тренд болоод байсан бөгөөд нэлээд олон хэрэглэгчид уг залилангийн хохирогч бол эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохироод байгаа ажээ. Тэд уг ажиллагаандаа хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл болон оношлуур хэмээн сурталчилгаа явуулж байжээ. Уг ажиллагааг илрүүлсэн Сан Диегогийн их сургуулийн профессор Тимоти Маки: Тэд залилан хийж байгаа ч гэсэн нэн тулгамдаад байгаа цар тахлыг ашиглаж байгаа нь маш өөдгүй бөгөөд хорон хэрэг. Энэ бол хүнлэг бус үйлдэл, тэр тусмаа хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг. Тэдгээр этгээдүүдийг илрүүлж, маш хатуу шийтгэх хэрэгтэй гэсэн юм.
Маки болон тэдний багийнхан зөвхөн энэ оны гуравдугаар сарын 3-аас дөрөвдүгээр сарын 11 хоорондох жиргээ болон хоёрдугаар сарын 5-аас тавдугаар сарын 7 ны өдрийн хооронд хийгдсэн инстаграмын постуудыг дангаар нь шүүж үзэхэд хэдэн сая веб хуудаснуудаас гадна 6 сая орчим жиргээ болон 200 мянга орчим инстаграмын пост илэрчээ. Эдгээр залилангууд нь ердийн эм бэлдмэл, үр дүнгүй оношлуур зэргээс гадна үхрийн баас, зарим амьтдын ялгадас, шээс зэргийг ашиглах тэр бүү хэл гарын доорх материал ашиглан оношлуур бүтээж болох аргачлал зэргийг худалдан борлуулж байжээ.
Эдгээрээс 1271 жиргээ болон 596 пост ДЭМБ-ын шаардлага хангасан гэсэн мэдээлэл тараасан байжээ. Цар тахлын эхэн үеийн мэдээллүүд ихэвчлэн урьдчилан сэргийлэх болон эмчлэх төрлийн мэдээллүүд түлхүү ажиглагдаж байсан бөгөөд цэцэг навч, ургамал болон үндэсний онцлогтой малын өтөг бууц, ялгадас зэргийн эмчилгээ байсан бөгөөд эдгээр нь ихэвчлэн танд цар тахлын эсрэг биет үүсгэж, дархлаатай болгоно гэх зэргээр тайлбарласан байжээ.
Харин хугацаа явахын хэрээр мэдээллүүдийн шинж чанар өөрчлөгдөж одоо үед гэрийн нөхцөлд, гарын доорх материалаар оношлуур бэлтгэх аргачлал зэрэг нь илүү эрэлттэй болсон ажээ. Эдгээрээс хамгийн этгээд зүйл нь “Зөөврийн эмчилгээний төхөөрөмж” гэх гутлын хайрцагны хэмжээтэй төхөөрөмж байсан ажээ. Уг төхөөрөмж нь өөрөөсөө сөрөг ионы давтамж ялгаруулдаг бөгөөд цар тахлыг эмчлэх чадалтай гэх утгатай тайлбартай байжээ.
Тэд олон хэрэглэгчдэд хуурамч бүтээгдэхүүн худалдан авч эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэн мэдэгдэл гаргасан бөгөөд эдгээр нь: тухайн эм, бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн байгууллага болон эм ханган нийлүүлэх байгууллагаас жинхэнэ бүтээгдэхүүн мөн эсэхийг асууж лавлах шаардлагатай гэжээ. Учир нь олон нийтийн хэрэглээнд гараагүй бүтээгдэхүүнийг цахимаар зарах үндэслэл байхгүй юм. Мөн түүнчлэн цахимаар эм, эмийн бүтээгдэхүүн зэргийг худалдан авч байгаа тохиолдолд борлуулагч талтай холбоо барихад шууд хувь хүн эсвэл байгууллагатай холбогдож байгаа зэргийг сайтар шалгах хэрэгтэй гэв.
Эх сурвалж: Forbes