Хөөсөн мананцарын учир
Ихрийн солирын бороо энэ сарын 12-14-нд оргил үедээ хүрч, нийтдээ бараг 7 хоног ороод саяхан дууссан юм.
Дээрх зургийг Хуан Карлос Касадо хэмээх гэрэл зурагчин Испани улсын Канарын арлууд дахь Тидэ хэмээх галт уулын ойролцоогоос бага фокусын зай бүхий (ѳргѳн ѳнцгийн) линзээр нийтдээ 2 цаг 20 минут орчим гэрэл бүртгэж байж авсан байна. Энэ хугацаанд манай агаар мандалд орж ирж шатсан олон тооны тод солируудаас гадна арын фон дахь однууд гайхалтай харагдаж байгааг анзаараарай.
Тухайлбал Маралын одны орд галт уулын дээд талд нь маш гоё гарсан байна. Зургийн дээд талд байгаа тод од нь хэзээ мѳдгүй дэлбэрэх гэж байгаа (эсвэл аль хэдийнээ дэлбэрчихсэн ч байж мэдэх) Маралын гялаан хэмээх аварга-улаан од. Түүнээс жаахан доох нь талд хүмүүсийн сайн мэддэг 3 марал од маань тод харагдаж байна. 3 Маралын зүүн доод талд нь байгаа ягаан хѳх ѳнгѳѳр гарсан сийрэг гэрэл нь биднээс 1,300 гаруй гэрлийн жилийн тэртээ орших хэдэн мянган оддыг үйлдвэрлэн буй Маралын мананцар хэмээх аварга том устѳрѳгчийн үүл. Тэр галт уулын оройн чанх дээр нь гарсан тод од нь мѳн Маралын одны ордны Ригель хэмээх од бѳгѳѳд, биднээс 800 орчим гэрлийн жилийн зайд оршдог манай нарнаас 18 дахин их масстай аварга-хѳх од юм.
Харин зургийн зүүн дээд талд гарсан тод од нь ѳмнѳд нохойн одны ордонд орших хѳхдэй мэргэн од. Хѳхдэй мэргэн нь шѳнийн тэнгэрт харагддаг хамгийн тод бѳгѳѳд хэдий бидэнд нэг тод од мэт харагдаж байгаа боловч угтаа биднээс 8 гэрлийн жилийн зайд нэг нэгнээ тойрон эргэдэг 2 одноос тогтсон оддын систем юм. Нэг од нь манай нарнаас 2 дахин их масстай, том хэмжээтэй од, харин нѳгѳѳ нь хэмжээгээрээ ердѳѳ манай дэлхий шиг жижиг боловч манай нар шиг их масс бүхий (маш нягт гэсэн үг) цагаан одой тѳрлийн од юм.
Эх сурвалж: Science Daily