Хавирган сугар
Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? Орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг ажигласан бол та үдшийн гялаан од буюу сугар гарагийг харсан нь тэр юм.
Манай нарны аймгийн 2 дахь гараг сугар нь маш зузаан ер бусын агаар мандалтай ба тэр нь нарны гэрлийг маш ихээр ойлгодог. Одон орончид "албедо" гэх хэмжигдэхүүнээр аливаа од биш биетийн гэрэлтэлтийг харьцуулдаг бѳгѳѳд, ерѳнхийдѳѳ тухайн биетрүү гэрэл тусгахад хэр ихийг нь шингээгээд хэр ихийг нь буцаагаад ойлгох вэ гэдэг хоёрын л харьцаа гэсэн үг юм. Жишээ нь, албедо=1 гэвэл тусгасан бүх гэрлийг ойлгоод юу ч шингээдэггүй, эсэргээр албедо=0 гэвэл бүх гэрлийг шингээгээд юу ч ойлгодоггүй гэх мэт.., манай сарны албедо=0.1 буюу нарны гэрлийн 10 хувь орчимыг ойлгодог. Харин сугар гарагийн албедо=0.7, ѳѳрѳѳр хэлбэл нарны гэрлийн 70 хувийг ойлгодог ба энэ нь манай нарны аймаг дахь хамгийн ѳндѳр утга юм. Нарны тусгаж буй гэрлийн ийм их хэсгийг нь ойлгодог учир сугар гараг маань бидэнд маш тод харагддаг бѳгѳѳд, ерѳнхийдѳѳ тэнгэрт нар болон сарны дараа орох 3 дахь хамгийн тод биет гэж ойлгож болно.
Сугар нь буд гарагийн гадуур, харин дэлхийн дотуур нарыг тойрон эргэдэг. Дэлхийн тойрог замын дотор ийнхүү нарыг тойрдог учир бидэнд хэзээ ч шѳнѳ дунд харагдахгүй, зѳвхѳн нар жаргасны дараахан эсвэл нар мандахын ѳмнѳхѳн л ажиглагдана. Тиймээс л дэлхийн олон газар ѳглѳѳний од болон оройн од гэсэн утгатай нэршилүүдээр нэрлэгдэж ирсэн ба манай монголчуудын хувьд түүнийг үүрийн цолмон болон үдшийн гялаан гэдэг билээ. Хэдий эртний Вавилончууд мѳн дараа нь эртний грекүүдийн зарим хэсэг нь ѳглѳѳ орой заримдаа харагддаг энэхүү тод од нь угтаа нарыг тойрдог нэг гараг гэдгийг мэддэг байсан гэж үзэгддэг ч, дэлхийн ихэнх соёл иргэншилүүд 16-р зуун хүртэл 2 тусдаа биет л гэж боддог байсан.
Сугар маань дэлхийн дотуур нарыг тойрон эргэдэг учираас бидэнд яг л манай сар шиг үечилж харагдана. Бүтэн сар, тал сар, хавирган сар гэдэг шиг сугар гараг маань ч гэсэн нар болон дэлхийтэй харьцангуй хаана байна гэдгээс хамаараад бараг бүтэн, тал, эсвэл хавирган байдлаар ажиглагдана. Хэдий энгийн нүдээр түүний үеийг ажиглах боломжгүй ч жижигхэн одонорны дуран, эсвэл энгийн гар дурангаар ч маш тѳвѳггүй харагдана.
Эх сурвалж: Science Daily